Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ХӨГЖЛИЙН ТАЙЛАНГ ГАРДУУЛАВ

Мэдээ мэдээлэл 2019/03-22 ・ 113

Нэгдсэн Үндэстний Байгууллагын усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-оос Дэлхийн усны хөгжлийн тайланг жил бүр боловсруулан гаргадаг бөгөөд 2019 оны энэхүү тайланг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн амлалтыг дахин сануулж "Хэнийг ч үл орхих" гэсэн сэдвийн хүрээнд гаргасан байна. Тайланд эмзэг бүлгийн цэвэр усны хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахад гол анхаарлаа хандуулжээ.

Тухайлбал, Ази, Номхон далайн 48 орны 28 нь усны хомсдолтой бөгөөд усны аюулгүй байдал хангагдаагүй байна хэмээн онцолжээ. Мөн 2000-2015 оны хооронд дэлхийн хүн амын ундны усны үндсэн хангамж 81%-аас 89%, ариун цэврийн байгууламжийн үндсэн хангамж 59%-аас 68% хүртэл өссөн гэдгийг тэмдэглэсэн байна.

Дэлхийн ариун цэвэр, ундны усны дүн шинжилгээ ба үнэлгээ (GLAAS)-ний 2014 оны тайланд дурдсанаар Монгол Улсын хувьд ундны усны үндсэн хангамж 85%, ариун цэврийн байгууламжийн үндсэн хангамж 56%-тай байсан бөгөөд манай улс 2014-2030 хүртэлх Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэх” зорилго тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тайлан, тайлангийн товч хураангуй, тоо баримтууд гэсэн 3 хэсгээс бүрдэх Дэлхийн усны хөгжлийн тайланг ЮНЕСКО-оос ирүүлснийг ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга Дэлхийн усны өдрийг тохиолдуулан БОАЖЯ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал”-ын нээлтийн ажиллагааны үеэр холбогдох төрийн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачдад гардуулав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд