Холбоо барих


Соёлын биет бус өв

Соёл 2014/10-05 ・ 6350

 

Соёлын биет бус өвийг хамгаалах нь 

    2003 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийг, мөн 2005 оны ЮНЕСКО- гийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулганаар “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” Конвенцийг тус тус батлав. Эдгээр Конвенцид Монгол Улс 2005, 2007 онд нэгдэн орсон.

   Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал. ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенцид 161, 2005 оны Конвенцид 133  улс нэгдэж орсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 100 шахам улсын соёлын биет бус 327 өв хүн төрөлхтний Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалт  болон соёлын биет бус өвийг хамгаалах Шилдэг туршлагын жагсаалтад бүртгэгдээд байна.

   “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг.

    "Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц" -ийн зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үздэг.  Өнөөдрийн байдлаар Монголоос ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 6 тус тус бүртгээд байгаа нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа, монгол хүн бүрийн бахархал бөгөөд үүнийг бид Дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд тухайлбал, соёлын салбараараа дамжуулан оруулж буй хувь нэмэр гэж үздэг. Нөгөөтэйгүүр, ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлэх нь нэгдэн орсон конвенцуудын дагуу тэдгээрийг хамгаалах үүрэг хариуцлагыг хүн төрөлхтний өмнө авч байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд бид гүнээ ухамсарлах ёстой билээ. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд