Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/03-22 ・ 268

Ундны цэвэр усаар хангагдах нь хүний эрх бөгөөд энэ нь ариун цэврийн байгууламжийн хүртээмжтэй байдлын хамт хөгжлийн гол түлхүүр болдог. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь аюулгүй ундны усаар, таван хүн тутмын гурав нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй хэвээр байна. Тиймээс энэ жилийн Дэлхийн усны өдрийг "Хэнийг ч үл орхих" гэсэн уриан дор тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн амлалтыг дахин онцолж байна.

Дэлхийн хамгийн эмзэг бүлгийг ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангах хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байна. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын өсөлт, түргэн хурдацтай өсөж буй хотжилт болон бусад олон хүчин зүйлс бидний анхаарлыг татаж, усны аюулгүй байдалд ихээхэн саад бэрхшээлийг үүсгэж байна.

Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламж нь хоол хүнс болон эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал зэрэг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтэд ихээхэн хувь нэмэр оруулж чадах юм.

ЮНЕСКО-оос НҮБ-ын системийн усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудтай хамтран Дэлхийн усны хөгжлийн тайланг жил бүр боловсруулан гаргадаг. Уг тайлангийн 2019 оны дугаарт ундны цэвэр усны хүртээмжтэй байдлын өргөн хүрээтэй нөлөөллийг харгалзан үзэж, ялангуяа эмзэг бүлгийн цэвэр усны хүртээмжтэй асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулсан.

Энэхүү тайлан нь улс орнуудын нийгэм, эдийн засаг, жендэрийн тэгш бус байдал, хот, хөдөөгийн ялгаа болон бусад хүчин зүйлсээс үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх олон улсын улс төрийн хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд түлхэц болдог.

Олон улсын эв санааны нэгдлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага нь ялангуяа ундны цэвэр усны хангамж, ариун цэврийн байгууламж хязгаарлагдмал хэвээр байгаа Сахар орчмын Африкийн орнууд, Өмнөд Ази зэрэг бүс нутгуудад чухал ач холбогдолтой юм.

Даяаршил нэмэгдсээр буй дэлхий ертөнцөд устай холбоотой шийдвэрийн үр нөлөө нь улс орнуудын хил хязгаарыг даван хүн бүрт нөлөөлж байдаг тул, үүнийг харгалзсан усны цогц засаглалыг дэмжин хөгжүүлэх нь чухал юм.

2019 оны Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО нь бүх нийтийг ялгаварлан гадуурхалгүйгээр ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангахад чиглэсэн засгийн газруудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ гэдгээ үүгээр дамжуулан илэрхийлж байна.

Бид ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байгаа газруудыг тэргүүлэх чиглэл болгон ажиллах замаар илүү бат бөх хамтын ажиллагаа, тэгш нийгэм, илүү тайван бөгөөд тогтвортой дэлхийг бий болгож чадна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд