Холбоо барих


АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ЯВДЛЫГ УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/03-21 ・ 118

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал нь зөвхөн түүхийн номын хуудсанд бичигдэн үлдэх цаг хугацаа хараахан болоогүй байна. Тусгаарлалт, үл тэвчих байдлын энэхүү аймшигт хэлбэр нь спортын талбайд, хэвлэл мэдээлэлд, гудамжинд, ажлын байранд, тэр ч байтугай эрх мэдэлтнүүдийн хүрээнд илэрсэн хэвээр байна.

Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1969 онд хүчин төгөлдөр болсноос хойших 50 жилийн хугацаанд дэлхий нийт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хор хөнөөл бүхий олон хууль тогтоомжуудыг устгаж, боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзлийг халсан билээ.

Харамсалтай нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын аймшигт дүр төрх олон нийтийн яриа хэлэлцээрт илэрч буйг бид дахин харж байна. Иймд, энэ жилийн Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах олон улсын өдрийг "үндэсний популизм, хэт туйлширсан үзэл суртлыг багасгаж, тэмцэх" сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай тэмцэх нь хүний нэр төрийг хүндэтгэж шударга ертөнцийг бий болгох явдал юм. ЮНЕСКО нь олон төрөл зүйл, тэгш хамруулалт, ялгаварлан гадуурхахгүй байх явдлыг хөхиүлэн дэмжиж энх тайван, эв нэгдлийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.

Интернет нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ксенофоби, хэт туйлширсан үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, чингэхдээ шилжин суурьшигчид, дүрвэгсэд болон Африк гаралтай хүмүүсийг онцлон бай болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх боломжийг олгож байна. ЮНЕСКО нь мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан НҮБ-ын агентлагийн хувьд цахим орчин дахь дээрх хандлагуудтай тэмцэж, "хуурамч мэдээ"-ний тархалтыг зогсоох зорилгоор хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын арга хэрэгслүүдийг боловсруулдаг билээ.

Аюулгүй цахим орчинг бүрдүүлэх явдал нь харилцан ойлголцол, шүүмжлэлт сэтгэхүйн чадвар болон соёл хоорондын яриа хэлэлцээрийг бэхжүүлэх чадвар, чадамжийг хөгжүүлэхийг зорьдог дэлхийн иргэний боловсролын нэг хэсэг юм. Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын хуурамч шинжлэх ухаанд суурилсан Холокост болон Боолын замын талаарх боловсрол олгох төслүүдийг хэрэгжүүлсэн нь түүхэн дэх эдгээр аймшигт үйл явдлуудын талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Aрьс өнгөөр ялгаварлан гадуурхалт нь шударга бус хууль дүрмээр дамжуулан биеллээ олж хүмүүсийн ажил эрхлэх, орон сууц болон нийгмийн амьдралын баталгаатай байх үндсэн эрхийг өдөр бүр чимээгүйхэн зөрчсөн хэвээрээ байна. Бид ЮНЕСКО-ийн Олон улсын тэгш хамруулалт бүхий тогтвортой хотуудын эвслээр (ICCAR) дамжуулан өнөө үеийн гадуурхалт, тусгаарлалтыг эцэслэхэд чиглэсэн хотын бодлогыг боловсруулахад гишүүн улсуудад дэмжлэг үзүүлдэг.

Түүнчлэн, энэ жил нь Олон улсын уугуул хэлний жил болохын хувьд бид угсаатны зарим бүлгүүдийн анги танхимд, соёлын хүрээлэлдээ эсвэл шийдвэр гаргах үйл явцад эх хэлээ бүрэн ашиглах эрхийг нь хязгаарладаг бүтцийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг онцлон авч үзэж байна.

Бид бүгдээрээ ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэлд манлайлан оролцох ёстой. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах олон улсын энэ өдөр гишүүн улсууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд бүгдээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг зогсоож илүү тогтвортой нийгмийг байгуулахын төлөө нэгдэхийг уриалж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд