Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/03-11 ・ 41

“Дижитал орон зай дахь эмэгтэйчүүд”

Бид энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, ялангуяа дижитал орон зайг онцгойлж, эмэгтэйчүүдийг эрхээ бүрэн эдлэх боломжоор хэрхэн хангах вэ гэдэгт анхаарал хандуулж байна.
Дижитал технологи нь бидний ажиллаж, сурч, зааж мөн хамтдаа амьдрах арга замуудад нөлөөлж байна. Харамсалтай нь энэхүү технологийн хувьсгалын үр шимийг эмэгтэйчүүд бүрэн дүүрэн хүртэхгүй байна. Өргөн зурвасын комисс нь ЮНЕСКО-той хамтран гаргасан сүүлийн үеийн тайландаа дижитал хуваагдал нэмэгдсээр байна хэмээн дүгнэжээ. 2016 онд онлайн сүлжээнд холбогдсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 250 саяаар цөөн байсан байна. Интернетэд холбогдсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс цөөн байгаагаас гадна цахим бичиг үсэг тайлагдалт, ур чадварын сургалтуудаас илүү бага үр ашиг хүртдэг байна. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн технологийн компаниудад ажилд орох боломж бага байдаг ба эрэгтэй хамтран ажиллагчдаасаа бага цалин авдаг байна.
Эмэгтэйчүүд дижитал технологи болон хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт салбаруудад хүртэл таагүй нөхцөл байдалд байгаа юм. Жишээлбэл, хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн зөвхөн 22 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ жил ЮНЕСКО нь квантын тооцоолол, дижитал инноваци болон хиймэл оюун ухаан зэрэг салбарууд дахь бидний мэдлэгийн хил хязгаарыг тэлсэн тэргүүлэгч эмэгтэйчүүдийг магтан дуулж, тэнцвэрт байдлыг хангахыг зорьж байна. Бид тэдгээр эмэгтэйчүүдийн амжилтыг тодотгох замаар эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байдаг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (СТЕМ) салбарт шинэ, залуу үеийн эмэгтэйчүүдийг ажиллахыг уриалж, хөхиүлэн дэмжинэ хэмээн найдаж байна. Бид охид, эмэгтэйчүүдийг СТЕМ-ийн салбаруудад ажиллахыг, ялангуяа саяхан эхлүүлсэн "Охид кодлож чадна" төслөөр дамжуулан дижитал ур чадвараа хөгжүүлэхийг дэмжиж ажилладаг.
Бид соёлын салбарт ч мөн эмэгтэйчүүдийн дижитал бүтээл олж авахыг дэмждэг бөгөөөд "Та дараагийнх нь" хэмээх санаачилгаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл дэх жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж байна. ЮНЕСКО нь Сабрина Хотой хамтран Мексик, Палестин, Сенегал, Афганистан болон Тажикстан улсын олон зуун залуу эмэгтэйчүүдийг дижитал орчинд амжилтад хүрэхэд шаардагдах уран сайхны, дижитал болон бизнесийн ур чадвараар хангаж байна.
Дижитал ертөнцөд энэ төрлийн санаачилгууд болон үлгэр жишээ эмэгтэйчүүд олон байгаа хэдий ч эмэгтэйчүүд кибер халдлага, дарамтаас өөрсдийгөө хамгаалахын тулд онлайн платформоос татгалзах нь нэмэгдсээр байгаа юм. Европын Холбооны 10 эмэгтэй тутмын нэг нь 15 наснаасаа эхлэн кибер дарамтад өртдөг бөгөөд голдуу 18-19 насны эмэгтэйчүүд кибер халдлагад өртдөг байна. ЮНЕСКО нь мэдээлэл, харилцаа холбоог эрхэмлэдэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын агентлагийн хувьд хэвлэл мэдээллээр тархсан хэвшмэл ойлголтуудыг арилгаж, жендэрийн ялгаварлан гадуурхалт болон онлайн дарамт шахалттай тэмцэх тэмцлийг тэргүүлж байна.
Би та бүхнийг хэвшмэл ойлголтуудыг арилгахад хувь нэмрээ оруулж#Wiki4Women дэлхий дахины хөдөлгөөнд нэгдэхийг урьж байна. Одоогийн байдлаар Википедиа цахим хуудсан дахь зургаан намтар тутмын зөвхөн нэг нь эмэгтэй хүнд зориулсан байгаа юм. ЮНЕСКО нь Википедиа дахь соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын гайхамшигт эмэгтэйчүүдийн намтрыг гүйцээх эсвэл шинээр оруулах замаар тэдэнд зүй ёсных нь дижитал оршихуйг бүтээж өгөхийг зорьж байна. Өнгөрсөн жил ЮНЕСКО-ийн төвд зохиогдсон "edit-a-thon"-ий амжилтад үндэслэн Парис, Кайр, Дели, Бангкок, Лима болон Алматид "edit-a-thon" сургалтыг зохион байгуулахад Викимедиа сантай дахин хамтран ажиллаж байна.
ЮНЕСКО нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх болон жендэрийн тэгш байдалд эерэг, урт хугацааны хувь нэмэр оруулах үүрэг хүлээдэг. Хүн бүр өрөөсгөл үзэл, ялгаварлан гадуурхалтаас зайлсхийж, хүн бүрийн онлайн орон зай дахь аюулгүй байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн ололт амжилтыг магтан дуулж, мөн эмэгтэйчүүдийн дижитал ертөнц төдийгүй амьдрлын бүх хүрээнд оруулж буй хувь нэмрийг хөхиүлэн дэмжсэнээр өөрчлөлтийг бий болгож чадна.
#IWD2019 #genderequality


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд