Холбоо барих


ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙ БОЛОН НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФУМЗИЛЕ МЛАМБО-НГКУКА НАРЫН ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/02-12 ・ 26

Сүүлийн үед залуу охид, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий даяар нэгдэн тэмцэхийг уриалж өөрсдийн дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлэх боллоо. Швед улсын иргэн 16 настай Грета Тунберг Швейцарь улсад болсон Дэлхийн эдийн засгийн форумын оролцогчдод хандан “бидний гэрт гал гарсан хэмээн сэтгэж арга хэмжээ ав” хэмээн хэлэхдээ өөрийн насны олон хүүхдийн үзэл бодлыг илтгэж байсан юм.
Асар хурдтай өөрчлөгдөн буй бидний дэлхий ертөнцийн сөрөг өөрчлөлтийг шийдэх шийдэл гаргахад охид, эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан, технологи, инновацийн (ШУТИ) салбар дахь дуу хоолой, туршлага нэн чухал юм. Бид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (СТЕМ) салбар дахь жендэрийн зөрүүг яаралтай арилгаж шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн мэргэжил дэх жендэрийн тэгш байдлыг идэвхтэйгээр хөхиүлэн дэмжих шаардлагатай байна.
СТЕМ-ийн ур чадварууд нь хамгийн хурдацтай хөгжиж буй ажлын ангиллын суурийг бүрдүүлж өгдөг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад дэлхийн ажлын байрны зах зээлийн шилжилтээс хамаарч 58 сая шинэ ажлын байр бий болохоор байгаа бөгөөд тэр дундаа өгөгдлийн шинжээч, эрдэмтэн, хиймэл оюун ухаан болон машин сургалтын мэргэжилтэн, програм хангамж, хэрэглээний програм хөгжүүлэгч болон шинжээч, өгөгдлийн дүрслэлийн мэргэжилтний ажлын байр бий болохоор байна.
Харамсалтай нь инженерчлэл гэх мэт чухал ажлын байранд ажиллаж буй эмэгтэйчүүд жирэмсний амралтын дараа ажилдаа эргэн орох, ажлын байрандаа тогтвортой ажиллах, ахиж дэвших бололцоо муу байх зэрэг асуудлуудтай тулгарч буй нотолгоо байна. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумаас 2018 онд гаргасан Жендэрийн тэгш бус оролцооны дэлхийн тайланд дэлхий дэх хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн зөвхөн 22 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үзүүлэлт гарсан нь ажлын байран дахь жендэрийн тэнцвэргүй байдал, хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл зэрэг чухал асуудлуудыг илтгэсэн жендэрийн асар том зөрүүг харуулж байгаа юм.
Эдгээр саад бэрхшээлийг арилгахын сацуу тоон холболт болон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар СТЕМ-ийн салбар дахь жендерийн тэгш байдлыг хангаж охид, эмэгтэйчүүдийг эрдэмтэн, сурагч, иргэн байхын үр ашгийг бүрэн эдлэх бололцоогоор хангах боломжтой.
НҮБ-ын Эмэгтэйчүүд болон ЮНЕСКО нь дэлхий даяарх түншүүдтэйгээ хамтран тоон технологи болон СТЕМ-ийн салбар дахь жендэрийн зөрүүг арилгахаар ажиллаж байна.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн оролцооны нэг хэлбэр нь “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах зарчмууд” юм. Эдгээр зарчмууд нь тоон технологи, мэдээлэл харилцаа холбооны технологи, шинжлэх ухааны технологи ба инноваци, СТЕАМ (СТЕМ болон урлаг ба дизайн)-ын салбарын компаниудад эмэгтэйчүүдийг ажлын байран дээр, зах зээлд, нийгэм хамт олны дунд хэрхэн чадавхжуулах талаар бодит зааварчилгаа өгдөг. НҮБ-ын Эмэгтэйчүүд нь жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжилтыг дэмжих итгэл үнэмшилтэй бүхий л компаниудыг эдгээр зарчмуудыг авч хэрэгжүүлэхийг уриалж байна.
Боловсролын тогтолцоон дахь тэгш бус байдлыг эртнээс таслан зогсоох нь нэн чухал тул ЮНЕСКО нь охидын СТЕМ-ийн хичээлүүдийг судлах сонирхлыг нэмэгдүүлж, сургуулийн сургалтын хөтөлбөр дэх хэвшмэл ойлголтыг арилган эмэгтэй багш, зөвлөгчтэй болох хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн, дэлхий даяарх эмэгтэй судлаачдад тэтгэлэг авах, сүлжээ үүсгэх болон зөвлөгөө авах боломжийг олгодог Л’Ореал-ЮНЕСКО-ийн Шинжлэх ухааны хөтөлбөр дэх эмэгтэйчүүд болон Хөгжиж буй дэлхийн төлөөх шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг санаачилгуудаар дамжуулан эмэгтэй эрдэмтдийг хөхиүлэн дэмжиж байна. Эцэст нь, СТЕМ ба Жендэрийн дэвшил төсөл нь хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулах замаар үндэсний ШУТИ-ийн бодлого, стратеги, төлөвлөгөө болон хууль тогтоомжид жендерийн тэгш байдлын талаар тусгахыг дэмжиж байна.
Бид эдгээр бүх санаачилгаар дамжуулан эмэгтэй эрдэмтдийн шинэ үеийг хөхиүлэн дэмжиж бидний цаг үеийн томоохон сорилтуудыг даван туулахыг зорьж байна. Грета Тунбергийн уриалгын дагуу ган гачгийн үр нөлөөг багасгах шинэ бүтээл бий болгосон Өмнөд Африкийн өсвөр настан Киара Ниргин зэрэг залуу эмэгтэй эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд нэгдэн аль хэдийн өөрчлөлтийг бий болгоод байна.
Бидэнд охид, эмэгтэйчүүдийн бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлж, СТЕМ-ийн боловсрол, судалгаа, хөгжүүлэлт болон ШУТИ-ийн экосистемд хөрөнгө оруулалт хийснээр Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хүчин чадлыг нийгмийн ашиг тусын төлөө хөшүүрэг болгон ашиглах урьд хожид байгаагүй боломж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд