Холбоо барих


БОЛОВСРОЛЫН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/01-24 ・ 216

Өнгөрсөн оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн 12 дугаар сарын 24-ний өдрийг “Боловсролын олон улсын өдөр” хэмээн тэмдэглэхээр тунхаглан зарлаж өнөөдөр энэхүү өдрийг дэлхийн нийтээр анх удаа тэмдэглэж байна. Энэхүү чухал шийдвэр нь "Дэлхий ертөнцийг өөрчлөх: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-т боловсрол чухал үүрэг гүйцэтгэхийг тодотгон харуулж байна.

Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийг насан туршдаа суралцах боломжоор хангахгүйгээр бид ядуурлыг таслан зогсоож сая сая хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн амьдралыг дээшлүүлж чадахгүй. Бүх нийтийн боловсролын төлөө улс төрийн үүрэг амлалт өгөхгүйгээр бид цаг уурын өөрчлөлтийг бууруулах, технологийн хувьсгалд дасан зохицох, жендэрийн тэгш байдлыг хангаж чадахгүй.

Энэ өдөр суурь зарчмуудыг дахин бататгах бололцоог бидэнд олгож байна. Нэгдүгээрт, боловсрол бол хүний эрх, олон нийтийн сайн сайхан байдал, хамтын хариуцлага юм. Хоёрдугаарт, боловсрол бол боломж бололцоо эрэлхийлж, инновацид түшиглэн эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хамгийн уян хатан, тогтвортой нийгмийг цогцлооход голлох үүрэг гүйцэтгэх хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүч юм. Эцэст нь хэлэхэд, боловсролын төлөөх хамтын хүчин чармайлтыг нэн даруй дэлхийн түвшинд гаргах шаардлагатай байна.

Дэлхий нийтэд нэн тулгамдаж буй асуудлуудыг дараах статистик тоо баримтаас тодорхой харж болно. Тухайлбал, 262 сая хүүхэд сургуульд огт хамрагдахгүй байна; 617 сая хүүхэд, өсвөр насныхан уншиж, бичиж, тоолж чадахгүй байна, Сахар орчмын Африкийн орнуудын нийт охидын 40-өөс бага хувь нь зөвхөн бүрэн дунд сургууль дүүргэсэн ба 4 сая хүүхэд, өсвөр насныхан амьдарч буй газраасаа дүрвэж сургуульд явж чадахгүйд хүрэхээс гадна зөрчил, мөргөлдөөнөөс болж тэдний амьдрал хэвийн бус байдалд үргэлжилж байна. 
Дэлхий дахин Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг хангах шатандаа хүрээгүй байгаа тул дэлхийн хамтын ажиллагаа, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Бидэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл бол бүх түвшинд хүн бүрийн оролцоог хангасан, тэгш байдлыг дэмжих замаар хэнийг ч ардаа үл орхин, хүн бүрд боловсрол олгох явдал юм.

Боловсролын олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ охид, эмэгтэйчүүд, шилжин суурьшигчид болон дүрвэгсдийн боловсролд онцгой анхаарал хандуулах, багш нарыг дэмжих, боловсрол, сургалтыг жендэрийн мэдрэмжтэй болгоход онцгой ач холбогдол өгөх шаардлагатай байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг ахиулахгүй байх нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх тул дотоодын эх үүсвэр болон олон улсын тусламжийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

ЮНЕСКО-оос Боловсролын олон улсын өдрийг тэмдэглэхэд дэмжлэг үзүүлэхийг та бүхэнд уриалж байна.

Бид бүгд боловсрол эзэмших чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ба амлалтаа биелүүлэхийн тулд хамтдаа ажиллацгаая.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд