Холбоо барих


Дээд боловсрол

Боловсрол 2014/10-05 ・ 2809

1948 оны НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26.1-нд “Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой” хэмээн заасан байдаг. 1997 оны Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмжийн 1.а-д "дээд боловсрол гэж төрийн эрх мэдэл бүхий холбогдох байгууллага болон эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн тогтолцоогоор дээд боловсролын байгууллага хэмээн батлагдсан их сургуулиуд болон бусад боловсролын байгууллагын олгож буй дунд сургуулийн дараахь сургалт, дамжаа, судалгааны ажлын хөтөлбөрүүдийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

2009 оны 7 дугаар сарын 5-8-ны хооронд "Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд Дээд боловсролын дэлхийн бага хурал" зохион байгуулагдсан бөгөөд Тогтвортой хөгжилд их дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг, ядууралтай тэмцэх зэрэг асуудлуудыг хөндсөн байна.

Мөн улс орнуудын Засгийн газрын болон байгууллагуудын төлөөлөгчид их, дээд сургуулийн цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлохын сацуу "21 дүгээр зууны дээд боловсролын асуудлаарх 1998 оны дэлхийн бага хурал" -аас хойших хөгжилд дүн шинжилгээ хийсэн байна. 

1970 оноос хойш ЮНЕСКО дээд боловсролын салбарт оюутан, мэргэжилтнүүдийн хилийн чанад дахь чөлөөтөй шилжилт хөдөлгөөнийг хангах зорилгоор дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх бүс нутгийн 6 конвенцийг санаачилсан юм. "ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн орнууд дээд боловсролын сургалт, диплом болон эрдмийн зэргийг харилцан  хүлээн зөвшөөрөх бүс нутгийн конвенц" нь 1983 онд Тайланд улсын Бангкок хотноо батлагдаж 1985 оны 10 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1983 оны конвенцид 21 гишүүн улс орнууд  нэгдэн орсон байна. 1983 оны конвенцийн 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүн орнуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн бүсийн хороо нь бүсийн конвенцийн хэрэгжилтийг хянах, сурталчлах зорилготойгоор байгуулагдсан юм. 1980-аад оноос хойш тус бүс нутагт дээд боловсрол нийтийн, олон улсын шинж чанартай болсон зэрэг өөрчлөлтүүдийг тусгахын тулд 2011 оны 11 дүгээр сард Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гишүүн орнуудын олон улсын бага хурал дээр энэхүү конвенцид өөрчлөлт оруулсан байдаг. "Шинэчилсэн конвенц буюу дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх Ази, Номхон далайн бүс нутгийн конвенцид" Ази, Номхон далайн орнуудын боловсролын системийн олон янзын түвшин, ангилал болон  соёл, нийгэм, улс төр, шашин, эдийн засгийн асуудал зэргийг харгалзан үзэж өөрчлөлт оруулсан юм. Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын хувьд гарын үсэг зурах, соёрхон батлах, батлах эсвэл хүлээн зөвшөөрөх асуудал нээлттэй..

1983 оны конвенцийн 10 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн тохирогч улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн Бүс нутгийн хороо нь бүсийн конвенцийн хэрэгжилтийг хянах, сурталчлах зорилготойгоор байгуулагдсан билээ. 2014 оны 8 дугаар сарын 4-5-нд Шри-Ланка улсын Коломбо хотноо Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын баримт бичгийг харилцан зөвшөөрөх бүс нутгийн хорооны 13 дахь чуулга уулзалт зохион байгуулагдсан юм. ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын дараахь цахим хуудаснаас уг уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, улс орнуудын илтгэл, бусад баримт бичиг болон зурагнуудыг үзэх боломжтой.

http://www.unescobkk.org/education/higher-education/promotion-of-academic-mobility/conferences-meetings-and-seminars/13th-session/.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд