Холбоо барих


ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 74

ЮНЕСКО болон Дэлхийн олон улсын шинжлэх ухааны зөвлөл хамтран 1999 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны бага хурлаар жил бүрийн 11-р сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан бөгөөд 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар албан ёсоор тэмдэглэдэг уламжлалтай болсон.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс “Дүдү” хүүхдийн музейтэй хамтран хүүхдэд зориулсан арга хэмжээг 2018 оны 11-р сарын 10-ны өдөр тус музейд зохион байгуулж байна. Арга хэмжээг нээж “Дүдү” хүүхдийн музейг үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэллээ.
Хүүхдэд зориулсан энэхүү арга хэмжээний хүрээнд шинжлэх ухааны сонирхолтой туршилт хийх боломж бүхий 10 орчим цэг ажиллаж байгаа бөгөөд эдгээр цэгүүдээр дамжуулан музейд ирсэн хүүхдүүд татах хүч ба жингүйдлийн туршилтууд, хиймэл дагуулаас дохио хүлээн авах туршилт, дууны долгионы туршилт, усны даралт, урсгалын туршилт зэрэг олон туршилтуудыг биечлэн хийх болон ажиглах боломжтой юм.
Арга хэмжээний гол зорилго нь тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэхэд шинжлэх ухааны үзүүлэх ач холбогдлыг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, цаашлаад хүүхдийн шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 9 дүгээр сарын 25


















Тэмдэглэлт өдрүүд