Холбоо барих


ГАМШГИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/10-15 ・ 116

Байгалийн аюулаас үүдэлтэй гамшиг нь жилээс жилд өсөж, дэлхий даяар сая сая хүмүүст нөлөөлж байна. Ялангуяа хүний амь нас их хэмжээгээр үрэгдэж байгаа нь маш эмгэнэлтэй явдал бөгөөд манай нийгмийн эмзэг байдлыг онцолж байна.

Сүүлийн үеийн олон үйл явдлууд нь байгалийн гамшгийн сэтгэл донсолгосон үр дагавруудыг харуулж байна. Тухайлбал, саяхан Энэтхэг улсын Керала мужид болсон үерийн гамшиг нь 1924 оноос хойших гамшгуудын дундаас хамгийн аюултай тохиолдолд тооцогджээ. Энэхүү гамшгийн үеэр олон зуун хүний амь үрэгдсэн ба 200000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Япон улсын баруун хэсэгт өнгөрсөн зун болсон үерийн улмаас 221 хүн, хэт халсны улмаас 133 хүн амиа алджээ. Сүүлийн өдрүүдэд Индонез улсад болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдэн амь эрсэдсэн хүний тоо нь одоогийн байдлаар 1400 гаруй болоод байна.

Энэ жилийн Гамшгийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан 2030 он хүртэл гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцааг бууруулсан байх шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.

Гамшгаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал нь жилд ойролцоогоор 250 - 300 тэрбум ам.доллар хүрч байна хэмээн тооцоолжээ. Энэхүү алдагдал нь хүн ам нягт суурьшсан бүс нутгуудад их хэмжээгээр нөлөөлж байна. Хэрэв бид урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээ авахгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн дарамт, хүн амын хэт их өсөлт, хотжилт зэргээс үүдэлтэй эдгээр алдагдал нь цаашид ч өссөөр байх болно.

ЮНЕСКО нь боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, соёл болон мэдээлэл, харилцаа холбооны салбаруудынхаа үйл ажиллагаагаар дамжуулан Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны төлөвлөгөөг Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхэд гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ ЮНЕСКО нь цунами, үер, газар хөдлөлт, ган гачигт зориулсан хяналт, урьдчилан мэдээллэх системүүдийг хөгжүүлэх замаар эдийн засгийн алдагдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Цаашлаад, гишүүн орнууддаа ялангуяа, бага орлоготой айл өрх, сургуулиуд, ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудыг найдвартай, бат бөх орчин нөхцөлөөр хангахад нь техникийн туслалцаа үзүүлдэг. Мөн түүнчлэн гамшгийн үр нөлөөг хязгаарлахын тулд гамшгийн эх үүсвэр болж буй төрөл бүрийн хүчин зүйлсийн судалгааг хийж байна.

Гамшгийн нөлөөллийг бууруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нь орон нутгийн, үндэсний болон дэлхийн эдийн засагт эерэг нөлөөг үзүүлдэг. Иймд энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудыг дэмжиж, хүчин чадлаа нэгтгэн хамтран ажиллацгаая.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд