Холбоо барих


СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ХУРАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/08-30 ・ 169

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP), ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж буй “Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн 2 өдрийн хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 2018 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болов. 
Соёлын биет бус өв (СББӨ)-ийг хадгалан хамгаалахад боловсрол чухал үүрэгтэй. ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцийн 2.3-р зүйлд хадгалан хамгаалах үйл ажиллагаа нь соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хангах зорилгоор албан ба албан бус боловсролоор дамжуулан түүнийг таниж тогтоох, баримтжуулах, судлах, хадгалах, хамгаалах, олны хүртээл болгох, үүргийг дээшлүүлэх, түгээх, улмаар өвийн төрөл зүйлийг сэргээх арга хэмжээг хэлнэ хэмээн заасан байдаг. Зүүн хойд Азийн бүс нутгийн хувьд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газраас ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран Дэлхийн өвийн боловсролын хөтөлбөрийг Соёлын биет бус өвийн үзэл санаатай нэгтгэсэн “Богцон дахь соёлын өв” туршилтын төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-т байрлах ерөнхий боловсролын 7 сургуулийн сурагчдын өвийн талаарх мэдлэг, ойлголт, боловсрол болон тэдгээрийг хэрхэн хайрлан хамгаалах талаар мэдлэг олгох зорилго бүхий хичээлээс гадуурх сургалт семинарыг зохион байгуулсан. СББӨ-ийн боловсролд чиглэсэн ЮНЕСКО-ийн хэд хэдэн санаачлагууд хэрэгжсэний хамт Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн энэхүү хурал нь СББӨ болон боловсрол хооронд бий болсон сүлжээг илүү тодотгон ойлгох, улс орнууд соёлын биет бус өвийг боловсролтой холбож өөрсдийн онцлогт тохируулан тусгах талаар хэлэлцэж, улмаар ТХЗ-уудад хүрэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болоход чиглэгдэж байна. 
Уг хурлын гол зорилго нь ТХЗ 2030 хөтөлбөрийг Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалт болон албан, албан бус боловсрол хоорондын уялдаа холбоог хангах бүс нутгийн мэргэжилтнүүдийн сүлжээг бий болгох, олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийг боловсролтой холбож хэрхэн боловсролд тусгасан талаар өнөөгийн төлөв байдлын тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлэх, СББӨ-ийг албан ба албан бус боловсролд тусгаснаар ТХЗ-уудад хүрэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар хэлэлцэх, СББӨ ба боловсролын салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой сүлжээг бий болгоход оршсон юм.
Хурлыг нээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ICHCAP-ийн Ерөнхий захирал Квон Хо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра нар үг хэлэв. Хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн 5 улс орны нийт 40 гаруй төлөөлөгчид оролцов.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд