Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/08-13 ・ 61

Энэ жилийн Олон улсын залуучуудын өдрийг "Залууст зориулсан аюулгүй орон зай" сэдвийн дор тэмдэглэж байна. Залуу нас нь хувь хүний хөгжлийг тодорхойлдог шийдвэрлэх үе юм. Хүмүүс энэ насандаа шинэ мэдлэгийг эрэлхийлэн урьд өмнө үзээгүй зүйл рүүгээ зориглон тэмүүлж, дурсамж бүхий шинэ учралуудтай таарч, анхны амлалтуудаа өгдөг. Хэдий тийм ч, энэ үед тохиолдсон сөрөг үйл явдлуудаас болж гадуурхагдах, бусдаас зайгаа барин тусгаарлагдахад хүрч болзошгүй тул залуу нас нь эмзэг нас юм.
Залуу хүмүүст “аюулгүй орон зайг” бий болгоно гэдэг нь тэдэнд өөрсдийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж өгөн чадвар чадамжаа бусдад хүссэнээрээ таниулж, өөрийгөө хүндлэх хүндлэлийг нэмэгдүүлэх итгэл үнэмшлийг нь цогцлоохыг хэлнэ.
Энэхүү орон зай нь өргөн утгаараа залуучуудын хоорондоо харилцах боломжтой бүх газар, нөхцөл байдлыг хамруулна. Үүнд сурч боловсрох газрууд буюу сургууль, коллеж, их сургуулиуд хамгийн түрүүнд багтах бөгөөд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэхэд зориулагдсан уулзалтын газрууд, залуучууд иргэний эрхээ чөлөөтэй эдлэх боломжтой олон нийтийн ба улс төрийн зориулалттай газрууд, хотын тааламжтай орчин зэрэг мөн багтана. Эцэст нь, энэхүү орон зайд залуу хүмүүсийн багаасаа идэвхтэйгээр хэрэглэж эхэлдэг олон нийтийн сүлжээ болон цахим орчин багтах юм.
Эдгээр бүхий л орон зайд хүйс, соёл, хэл ба шашин шүтлэгийг үл харгалзан бүгдийг хамруулах зарчим баримтлан, хүн тус бүрийн нэр хүнд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх нь чухал билээ. Ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, хүчирхийллийн ил ба далд бүх төрлийн хэлбэрийг таслан зогсоож аливаа ухуулга хийх оролдлогыг таслан зогсоох нь мөн нэн чухал юм.
ЮНЕСКО нь үүнийг анхааралдаа авч энэ жилээс эхлэн "залуучуудад зориулсан орон зай" төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд залуучууд төдийгүй улс төрийн төлөөлөгчид, судлаачид, бизнес эрхлэгчид болон үзэл бодлоор манлайлагчдыг нэгтгэн орон нутгийн, үндэсний ба бүс нутгийн зэрэг газарзүйн өөр өөр түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сүлжээ бий болгоно. Төслийн зорилго нь ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбаруудын хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад залуучуудыг татан оролцуулах, тэднийг нийгэм, улс төрийн амьдралд гол оролцогч болгоход оршиж байна.
Патти Смит өөрийн “Зөвхөн хүүхдүүд” романдаа “Залуучуудын сэтгэл зүрхийг залуучуудаас өөр хэн мэдэх билээ?” хэмээн бичсэн байдаг. Энэхүү Олон улсын өдрөөр иргэний нийгмийн оролцогч талууд, бодлого боловсруулагчид болон бизнес эрхлэгчдийг залуучуудад буй асар их нөөц бололцоог ашиглаж, тэдэнд өвөрмөц, ирээдүйтэй бүхий л зүйлээ илэрхийлэх боломжийг олгох хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бодож олохыг уриалж байна.
#YouthDay


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд