Холбоо барих


МАНГРОГИЙН ЭКОСИСТЕМИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/07-27 ・ 150

Мангро мод нь эх газар, далай хоёрын уулзвар халуун орны бүс нутагт байрлах бөгөөд биологийн төрөл зүйл, хүн төрөлхтөн, хүрээлэн буй орчинд ихээхэн ач холбогдол бүхий онцгой экосистемийг бүрдүүлдэг.

            Мангро нь далайн түвшин дээшлэх, цунами, хар салхи гэх зэрэг байгалийн гамшгаас хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Мөн эргийн хөрсний элэгдлээс урьдчилан сэргийлж, эрэг орчмын усны чанарыг зохицуулах болон загасчлах хэсгийг хамгаалдаг. Үүний сацуу далайн эрэг орчмын нутгийн иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр болохоос гадна нэн ховор далайн амьтдын олон төрөл зүйлд амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. Түүний "Цэнхэр нүүрстөрөгчийн бүрхүүл" хэмээн алдаршсан агаар мандлын нүүрстөрөгчийг хадгалах байгалийн механизм нь далайн эрэг орчмын уур амьсгалын нөлөөллийг бууруулахад тусалдаг.

            Гэвч далай, тэнгисийн эрэг хавийн хөгжлөөс шалтгаалан дэлхийн даяар ургаж буй мангрогийн хэмжээ нь сүүлийн 40 жилийн хугацаанд хоёр дахин буурч, мангрогийн экосистем аюулд өртөөд байна.

            ЮНЕСКО нь Энэтхэг, Бангладеш улсын хооронд орших, манай гаригийн хамгийн томоохон мангро модон ой болох Сундарбанс болон дэлхийн бусад олон бүс нутагт байрлах мангро ойнуудыг Дэлхийн геопаркуудын сүлжээ болон Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулах замаар энэхүү онцгой ховор экосистемийн талаарх мэдлэг, мэдээлэл, хадгалан хамгаалалт, менежментийг сайжруулахын тулд шаргуу ажиллаж байна. ЮНЕСКО-ийн энэхүү үйл ажиллагаа нь нутгийн иргэдийн тогтвортой хөгжилд түлхэц үзүүлэх, орон нутгийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дэмжих зорилготой юм.

            ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын Далай судлалын хороо нь байгаль хамгаалах дэлхийн томоохон төслүүдийн нэг болох Олон улсын байгаль хамгаалал ба Байгаль хамгаалах олон улсын холбооны хамтарсан санаачлага болох Цэнхэр нүүрстөрөгч санаачлагатай хамтран ажилладаг. Энэхүү санаачлагын гол зорилго нь мангро модон ой, далайн өвс ургамал, далайн түрлэгтэй хамаарах намагтай газарт анхаарч эргийн болон далай тэнгисийн экосистемийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах чиглэлээр ажиллаж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх явдал юм.

            Мангрогийн экосистемийг хадгалан хамгаалах олон улсын өдөр нь манай гараг ертөнц болон түүний оршин суугчдын амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг болох экосистемийг хамгаалах үйл ажиллагаагааг дэмжин сайжруулахыг уриалж байна. Энэхүү олон улсын өдрийг санаачлагч Эквадор улс нь Archipiélago de Colón - (Galápagos) нэртэй шим мандлын нөөц газарт үүнтэй холбоотойгоор олон шилдэг ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд бид тус газраас үлгэр жишээ авч  ажиллах нь зүйтэй юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд