Холбоо барих


Бичиг үсгийн боловсрол

Боловсрол 2014/10-05 ・ 3630

НҮБ-аас 2003-2012 оныг “Бичигтэн болох арван жил” хэмээн зарласан бөгөөд гол зорилго нь бүх улс орнууд хамтран бичиг үсэг үл мэдэх явдалтай тууштай тэмцэх, албан болон албан бус боловсролын замаар бүх нийтээр бичигтэн болоход чиглэгдсэн байдаг. Бүх нийтийн боловсролын 6 зорилтын нэг нь “насанд хүрэгчдийн, ялангуяа эмэгтэйчүүдийн бичиг үсгийн түвшинг 2015 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх" юм. Бичиг үсэгт тайлагдах нь суурь боловсрол эзэмших гол тулгуур бөгөөд буурай хөгжил, ядуурал, эрх тэгш бус байдлыг арилгах, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энх тайван, олон улсын харилцан ойлголцол, аюулгүй байдал, ардчилал, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бэхжүүлэн тогтвортой хөгжлийг хангахад онцгой чухал болохыг өнөөдөр дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч бүх нийтийн боловсролын 2013/4 оны хяналт үнэлгээний тайланд өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 781 сая насанд хүрэгчид уншиж, бичиж, тоо бодож чаддаггүй, үүний гуравны хоёрыг эмэгтэйчүүд эзэлж байна.  Ганц өгүүлбэр ч уншиж чадахгүй байгаа 250 сая гаруй хүүхдүүд байдгийн тэн хагас нь 4 жил сургуульд сурсан гэсэн баримт гарсан байна.

ЮНЕСКО-гийн "Бичиг үсгийн  олон улсын шагнал”-ыг 1967 оноос олгож эхэлсэн бөгөөд бичиг үсгийн боловсролд онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг Бичиг үсгийн олон улсын өдөр болох 9 дүгээр сарын 8-нд шалгаруулан тэдний гарамгай хичээл зүтгэлийг үнэлж мөнгөн шагнал, одон, дипломыг гардуулан Сечжон хааны нэрэмжит шагнал, Күнзийн нэрэмжит шагнал олгодог юм.

 

 ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ХАТАГТАЙ ИРИНА БОКОВА-ГИЙН ОЛОН УЛСЫН БИЧИГ ҮСГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ИЛГЭЭЛТ

2014 ОНЫ 9 САРЫН 08


Энэ жилийн Олон улсын бичиг үсгийн өдөр нь бичиг үсгийн боловсрол, тогтвортой хөгжлийн харилцан уялдааг хангахаас гадна хүмүүний амьдралыг өөрчлөх төдийгүй авардаг гэсэн энгийн үнэнийг бидэнд дахин нэг удаа сануулж буй боломж юм. 

Бичиг үсгийн боловсрол нь ядуурлыг бууруулж хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж өндөр цалин авах боломжийг бий болгодог. Мөн эмчийн бичиж өгсөн зааврыг уншиж ойлгох, эрүүл мэндээ хамгаалах, эх үрсийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах үр дүнтэй арга зам билээ. Төрөх насны эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулснаар 1990 оноос 2009 оны хооронд 5-аас доошхи насны 2 сая гаруй хүүхдийн амийг аварч чадсан юм. Бичиг үсгийн боловсролоор мэдлэгт хүрэх, өөртөө итгэх хүч чадлыг хүмүүн бүр олж авдаг. Энэхүү эрч хүч нь олон сая хүнд үржигдэн нэмэгдснээр бидний нийгмийн ирээдүйд чухал ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 781 сая насанд хүрэгчид уншиж, бичиж, тоо бодож чадахгүй байгаа бөгөөд үүний гуравны хоёрыг эмэгтэйчүүд эзэлж байна. Ганц өгүүлбэр ч толгой холбож чадахгүй байгаа 250 сая гаруй хүүхдүүд байдгийн тэн хагас нь 4 жил сургуульд сурсан байдаг. Бичиг үсгийн боловсролгүй хүүхэд залуучууд маань ямар нийгэм байгуулна гэж бид хүлээх вэ? Энэ бол бидний хүсэх дэлхий ертөнц биш. Хүн бүр амьдарч буй нийгмийнхээ хувь заяанд оролцож, мэдлэг хүртэж, мөн түүнийгээ эргүүлэн баяжуулж байдаг дэлхийг бид хүснэ. Унших, бичих гэсэн ойлголтоос цааш хэрэглээ болон тогтвортой амьдралын хэв маяг, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах, ядуурлыг болон гамшгийн эрсдлийг бууруулах, иргэний оролцоо зэрэг илүү өргөн чадварыг хамарч бичиг үсгийн уламжлалт арга барилаа өөрчилснөөр бид амжилтыг олох болно. Ингэснээр бичиг үсгийн боловсролын хөтөлбөрүүдийн бүхий л хүчин чадлыг нээн тайлах боломжтой.

Эдгээр зорилт нь энэ оны 11 дүгээр сард Япон улсын Аичи-Нагоя хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн боловсролын бага хурлын цөм байж ирэх жил БНСУ-ын Инчеон хотод болох Дэлхийн Боловсролын Форумын зүрхэнд орших болно. Уг форумд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцэн батлах тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудын талаар дэлхийн хэлэлцүүлэг явагдах билээ. ЮНЕСКО нь дэлхий дахинд - Афганистан, Бангладеш, Камбож, Египет, Нигер, Сенегал мөн өөр бусад улс орнуудад бичиг үсгийн боловсролыг үндэсний хөгжлийн стратегид тусгуулах талаар ажиллаж байгаа юм. ЮНЕСКО-гоос санаачилсан Охид, Эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх Дэлхийн түншлэл, Охидын боловсрол эзэмших эрхийн төлөөх Малала сан нь бичиг үсгийн боловсролд анхаарч ажилладаг билээ. ЮНЕСКО-гийн Күнзийн нэрэмжит болон Сечжон хааны нэрэмжит Бичиг үсгийн шагналууд нь биднийг жил бүр шинэ санаачлагатай үйл ажиллагаануудыг тэмдэглэх боломжийг олгож амжилтанд хүрч чадна гэдгийг баталж өгдөг. Гар утас зэрэг шинэ техник технологи нь бичиг үсгийн боловсрол эзэмших шинэ боломжуудыг бидэнд нээж өгч байна. Бид илүү их хүчээ дайчлах хэрэгтэй байгаа бөгөөд Би гишүүн улс, түнш бүрийг улс төрийн болон санхүүгийн боломжоо нэмэгдүүлж бичиг үсгийн боловсролыг тогтвортой хөгжлийн гол хурдасгуур болгохыг ийнхүү уриалж байна. Бидний хүсч буй ирээдүй цагаан толгойноос эхэлнэ.

Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд