Холбоо барих


ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2018/06-04 ・ 298
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгтэйгээр Тогтвортой хөгжлийн зорилго 4 - Боловсрол 2030 хөтөлбөрийн талаарх зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Арга хэмжээг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч А.Хайкенс нар нээн үг хэлэв.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Бүх нийтэд чанартай боловсрол олгоход сургууль, багш нарын хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал. Сургууль бол сургах үйл ажиллагаа эрхэлдэг газар. Гэтэл сургалтын үр дүн тааруу, багш нар сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад ур чадвар дутагдаж байгаа, засаглал, удирдлагын чадавх сул, хариуцлагын тогтолцоо алдагдсан зэрэг нь дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэгэхээр сургалтын чанар, үр дүнгээ бид хэрхэн сайжруулах вэ, чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтыг үр дүнтэй удирдахад бүх талын үүрэг, оролцоо, хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ гэх асуултыг бид өөртөө тавьж, шийдлийн гарцыг хайх шаардлагатай байна. “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд онцгой анхаарал хандуулж үүрэг амлалтаа бодит үйл хэрэг болгоход ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж буйг онцлон хэлэв.
Уулзалтаар ЮНЕСКО-оос жил бүр эрхлэн гаргадаг “Боловсролын хяналт шинжилгээний 2017/2018 оны дэлхийн тайлан”-г танилцуулсан бөгөөд тайланг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаад гардуулав. “Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан”-г ЮНЕСКО тодорхой сэдвийн хүрээнд жил бүр гаргаж, дэлхийн улс орнууд, Засгийн газрууд, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, хандивлагчдийн анхаарлыг боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлд хандуулж ирсэн бөгөөд энэ удаагийн тайлан “Бүх нийтэд чанартай боловсрол олгоход хэн хариуцлага хүлээх вэ?” гэсэн сэдвийг хөндсөн нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, олон нийтэд шууд хамааралтай болохыг харуулж байна.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү уулзалтаар ТХЗ 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжилтийн талаар ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Л.Паруа, Монгол Улс дахь хэрэгжилт, боловсролын удирдлагын мэдээллийн тогтолцооны талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Боловсрол 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн Сангаас үзүүлж буй дэмжлэг, үйл ажиллагааны талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, ТХЗ 4-ийн бүс нутаг дахь хэрэгжилтийн талаар Суурь болон насанд хүрэгчдийн боловсролын Зүүн Ази, Номхон далайн нийгэмлэгийн бодлогын ахлах шинжээч Р.Раяа, дэлхийн иргэний боловсролыг хүүхэд залууст эзэмшүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баярмаа, энх тайван, тогтвортой хөгжил болон дэлхийн иргэний асуудлууд Монгол Улсын боловсролд тусгагдсан байдлын талаар хийгдсэн судалгааны талаар судлаач Д.Бямбажав, боловсрол дахь хариуцлага: иргэний нийгмийн үүргийн талаар “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, насан туршийн боловсролын талаар Парис дахь төвийн Боловсролын бодлогын газрын боловсролын ахлах мэргэжилтэн К.Холмс болон Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг нар илтгэл мэдээлэл хийв.
Арга хэмжээнд НҮБ, БСШУСЯ, боловсролын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага болон их, дээд сургуулиудын 30 гаруй төлөөлөл оролцов.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд