Холбоо барих


ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ СОЁЛЫН ОЛОН ТӨРЛИЙГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/05-21 ・ 289
Өнөөдөр ЮНЕСКО Харилцан ойлголцол, хөгжил дэвшлийн төлөө соёлын олон төрлийг дэмжих дэлхийн өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна. Соёлын олон төрөл нь бидний амьдралыг олон янзын өнгөөр чимж баяжуулан хөгжил дэвшлийг авчирдаг. Энэ бол танин мэдэхүй, оюуны хөгжлийн нээлт төдийгүй эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч юм.
Соёлын олон төрөл нь дангаараа энх тайван, хөгжил дэвшлийн хамгийн чухал хүчин зүйл биш юм. Үүний тулд бид суралцах, бусдын тухай судлах, нэг зүйлээс нөгөө зүйлд анхаарал хандуулах чадвартай байх, түүнчлэн соёл бүрд нуугдаж буй үнэ цэнийг танин мэдэж харилцан ярилцах шаардлагатай.
Харилцан ойлголцол, хөгжил дэвшлийн төлөө соёлын олон төрлийг дэмжих дэлхийн өдөр нь эдгээр асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь соёлын олон төрлийг хүлээн зөвшөөрөхөөс гадна соёл, уламжлалын ялгаатай байдлыг адил тэгш хүндэтгэх ёсзүйн болон улс төрийн зарчим гэж үздэг соёлын олон ургалч үзлийн давуу талыг таньж мэдэх явдал юм.
Дээр дурдсан зарчим нь 2001 онд батлагдсан Соёлын олон төрлийн тухай ЮНЕСКО-ийн түгээмэл тунхаглалын үндсэн агуулга бөгөөд соёлын олон төрөл нь хүн төрөлхтний нийтлэг өвийн нэгээхэн хэсэг төдийгүй энх тайван, хөгжил цэцэглэлтэд хөтлөх луужин болохыг онцлон тэмдэглэсэн. 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа биичгдсэн уг тунхаглалд дурдсан асуудлууд ихээхэн ач холбогдолтой хэвээр байна.
Нэн тэргүүнд, соёлын илэрхийллийн олон янзын хэлбэр болох - хэл, урлаг, гар урлал, амьдралын хэв маяг, ялангуяа үндэсний цөөнхийн амьдралын хэв маягийн ялгаатай байдлыг хамгаалах хэрэгцээ шаардлага тавигдана. Эдгээр нь хувь хүн, бүлэг хүмүүсийг тодорхойлох хамгийн чухал зүйлс ба даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд устаж үгүй болохоос сэргийлэх ёстой бөгөөд хүний нэр төрийг хүндэтгэн хамгаалахаас эхлэх учиртай.
 
Хоёрдугаарт, нийгэм эсвэл улс орны соёлын амьдралд оролцох асуудал юм. Энэ асуудал нь 70 жилийн ойгоо тэмдэглэж буй Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 27 дугаар зүйл "Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй” -тэй холбоотой.
 
Технологийн хувьсгал нь соёл, урлагийн олон хэлбэрийг танин мэдэх, хүртэх боломжийг хялбарчилж дэлхий даяар худалдаалах боломжийг нэмэгдүүлсэн боловч соёлын бараа, үйлчилгээг тэгш хүртэхэд олон саад бэрхшээл тулгарсаар байна. Энэ нь ялангуяа тухайн улс орны эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлэг, үндэсний цөөнхөд илүү нөлөөлж байна. Тийм учраас ЮНЕСКО энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд Парис хотноо "Бид соёлыг хэрхэн бүх нийтэд хүртээмжтэй болгох вэ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
 
Хүн бүхэн соёлын олон эх сурвалжаас чөлөөтэй сонгон өөрийгөө тодорхойлох, хэн нэгний өв уламжлалыг бүтээлчээр хөгжүүлэх чадварыг эзэмших нь нийгмийг тогтвортой хөгжүүлэх, энх тайвныг цогцлоох үндэс суурь юм. Энэ бол соёлыг дэлхийн хөгжлийн алсын хараатай нэгтгэхэд ирээдүйд тулгарч буй асуудал, сорилт бэрхшээл юм. Жишээлбэл, ЮНЕСКО-ийн санаачилсан 72 орны 180 хотыг эгнээндээ нэгтгэсэн Бүтээлч Хотын Сүлжээний хувьд энэ асуудал томоохон сорилт болсон. Тус сүлжээ нь дэлхийн хотуудын хамтын ажиллагаанд суурилсан, бүтээлч урлагт анхаарлаа хандуулсан тогтвортой хотын хөгжлийн загварыг дэмжих зорилготой.
 
"Би байшингаа бүх талаас нь ханаар хүрээлж цонхнуудаа битүүлсэн байхыг хүсэхгүй байна. Би бүх газрын соёлыг миний байшинд аль болох чөлөөтэй нэвтрэхийг хүсч байна”. Махатма Ганди энэхүү ишлэлийг хэлэхийн сацуу “соёл бол зөвхөн чулуун дээрх өв уламжлал биш харин чөлөөтэй амьдрах, яриа хэлэлцээ хийх, нөлөөлөлд нээлттэй байх, дэлхийн өөрчлөлтөд илүү тайван байдлаар дасан зохицох боломжийг бидэнд олгодог тэр зүйл юм” гэж хэлжээ.
 
ЮНЕСКО хүн бүрийг энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. Та бүхэн гэрийнхээ хаалга, цонхыг нээж соёлын олон төрлийн салхийг улам хүчтэй салхилуулцгаая!

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд