Холбоо барих


ДОПИНГИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/04-12 ・ 52

ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн эсрэг сангийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны төвийн Эрдэм шинжилгээний алба хамтран хэрэгжүүлж буй “Допингийн эсрэг үндэсний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийн эхний шатны “Допингийн хяналтын ажилтан бэлтгэх” үндэсний сургалтыг 2018 оны 4 дүгээр сар 12-13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат нар оролцож үг хэлэв.

Энэхүү сургалтын зорилго нь үндэсний хэмжээнд биеийн тамир, спортын байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг допингийн хяналтын ажилтнаар бэлтгэх, мэдлэг ойлголтыг сайжруулахад оршино. Уг сургалтыг Допингийн эсрэг байгууллагын Төв Азийн салбарын мэргэжилтэн Матлуба Турекулова удирдан явуулав.

ЮНЕСКО нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах үүрэгтэй. Монгол Улс ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн эсрэг сангийн дэмжлэгтэйгээр 3 дахь удаагийн төслөө ийнхүү хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь допингийн эсрэг үндэсний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, сургалт сурталчилгааны материалаар хангах зорилготой. Төслийн хүрээнд допингийн хяналтын ажилтан, эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөх хорооны гишүүн, үр дүнгийн менежментийн гишүүн бэлтгэх 3 удаагийн сургалтыг зохион байгуулах, мөн дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2015 оны хувилбар, түүний стандартууд, допингийн гарын авлагуудыг монгол хэлнээ орчуулах зэрэг ажлуудыг хийхээр талөвлөсөн.

Дашрамд дурдахад, 2005 онд ЮНЕСКО-ийн 33 дугаар Ерөнхий бага чуулганаар "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ийг баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2007 онд нэгдэн орсон.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд