Холбоо барих


“ОЛОН НИЙТИЙН СУРАЛЦАХУЙ” СЕМИНАР БОЛНО

Мэдээ мэдээлэл 2018/03-29 ・ 275

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн суралцахуйн төв” семинар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын байрны хурлын танхимд болно. Энэхүү уулзалт, семинар нь соёлын өвийн мэргэжилтнүүдэд соёлын өвийг сурталчлах, хамгаалах, соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг Олон нийтийн суралцахуйн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлэх талаар санал бодлоо хуваалцах боломжийг олгох юм.

Олон нийтийн суралцахуйн төв /ОНСТ/ нь насан туршийн сургалтыг хот суурин болон хөдөө орон нутгийн иргэдэд хүргэхэд оновчтой тогтолцоо болж байна. Насан туршийн боловсролын урт хугацааны зорилго нь "Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжинэ" хэмээсэн Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болон Боловсрол 2030 хөтөлбөрт тодорхой тусгагдсан байдаг. ОНСТ нь албан боловсролын гадна үлдсэн залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг оролцуулан эмзэг бүлгийнхнийг чадавхжуулах, насан туршийн боловсрол эзэмшүүлэх үр дүнтэй тогтолцоо гэдэг нь тухайн төвүүдийн олон оронд явуулж буй үйл ажиллагаанаас харагддаг. ОНСТ нь бүх насны хүмүүсийг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, байгаль орчин гэх мэт бүхий л салбарын сургалтад хамруулах боломж олгох замаар хүний нөөцийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна. Эдгээр төвүүд нь нийгмийг сайн сайхан өөрчлөлтөд хөтлөх, ард иргэдийг чадавхжуулах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Анх 1998 онд ЮНЕСКО-ийн Боловсролын Ази, Номхон далайн бүсийн товчоо ОНСТ-ийг санаачилсан бөгөөд өнөөгийн байдлаар бүс нутгийн ихэнх улс оронд ОНСТ үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. ОНСТ нь Монгол Улсад албан бус боловсролын төв гэдгээр илүү танигдсан бөгөөд 1997-2001 онд ЮНЕСКО-оос Монгол Улсад хэрэгжүүлсэн “Амьдрахад суралцах нь” хөтөлбөрийн хүрээнд үүсгэн байгуулагдсан.

Семинар нь төвүүдийн одоогийн нөхцөл байдал, хуримтлуулсан туршлагатай танилцах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, Монгол дахь төвүүдийг идэвхжүүлэх, үндэсний сүлжээг бэхжүүлэх талаар хэлэлцэх боломжийг олгох юм. 
Уг семинарын үеэр БСШУСЯ-ны албан тушаалтнууд, Насан туршийн боловсролын үндэсний төвүүдийн мэргэжилтэн, менежерүүд, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын мэргэжилтнүүд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, соёлын олон талт байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр төвүүдийн гүйцэтгэх үүргийг хэлэлцэх юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд