Холбоо барих


ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/03-26 ・ 74

Мөрөөдөл,
Мөрөөдөлдөө хурдан хүр.
Мөрөөдөл үгүй бол
Амьдрал, нисч чадахгүй
Хугарсан далавчтай шувуу мэт.
Мөрөөдөлдөө хурдан хүр.
Мөрөөдөл үгүй цагт
Амьдрал бол цасаар хучигдсан
Үржил шимгүй тал мэт. ​
Лэнгстон Хьюс

Яруу найрагч Лэнгстон Хьюсийн эдгээр мөрүүд нь мөрөөдөл, шилжилт хөдөлгөөн, эрх чөлөөний уриалга юм. Яруу найраг бол хувь хүний үзэл бодолд хүрч чаддаг хүсэл тэмүүллийн илэрхийллийн хамгийн шилдэг хэлбэр билээ.
Яруу найраг бол хязгааргүй орон зайг нээж, бидний амьдралыг тэлж, урьд өмнө хэзээ ч байгаагүй гэгээлгээр бодит байдлыг өөрчилж, үгээр чимж өгдөг, гайхамшигт хүчтэй илэрхийлэл юм.
Яруу найраг нь дуу авиа, үг болон зурагны өчүүхэн илрэл биш. Яруу найраг бол бүтээлч, хувирч өөрчлөгдөх хүч юм.
Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, 20-р зууны Харлемын сэргэн мандалтын үеийн ахлагч Лэнгстон Хьюс нь өөрийн бүтээлээ Африкийн Америк нийгмийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцлийн төлөө туурвисан юм. Түүний яруу найраг нь хүний эрхтэй салшгүй холбоотой ба дэлхий даяар хүний эрх, үндсэн эрх чөлөөг дэмжиж буй хүмүүст урам зориг хайрласаар байна.
Яруу найраг гэдэг нь хүн төрөлхтний онцлог, хэлний болон соёлын олон төрөл зүйлийг бидэнд таниулдаг өвөрмөц урлаг юм. Хувь хүн болон дэлхийг холбох цэг нь юм. Яруу найргаар ялгаатай байдал, харилцан яриа болон энх тайвныг танилцуулдаг. Энэ бол тоо томшгүй их хүн төрөлхтний байдлын нэгдсэн шинж чанарын баталгаа юм.
1999 оноос эхлэн жил бүр ЮНЕСКО нь Дэлхийн яруу найргийн өдрийг 3 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрөөр дэлхийн соёлын болон хэлний агуу баялгийг тэмдэглэх завшаан тохиодог. Мөн энэ өдрөөр бага хэрэглэгдэж буй болон мартагдах аюулд ороод буй эртний яруу найргийн төрлүүдэд анхаарал хандуулах боломж олддог. Өв уламжлалаа хадгалж үлдэхийн тулд ЮНЕСКО нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад олон яруу найргийн төрлийг бүртгэсэн билээ. Жишээлбэл, Вьетнам улсын Ка тру яруу найраг, Арабын Нэгдсэн Эмират улсын Алази, Бангладэш улсын Баул дуунууд болон Того, Бэнин, Нигер улсуудад амьдарч буй Ёруба-Наго нийгмийн Гэлэдэ аман өв соёл орох юм.
Яруу найраг нь зөвхөн урлагийн нэг төрөл байгаад зогсохгүй, албан ба албан бус боловсролын хэрэгсэл юм. Энэ утгаараа урлаг соёлын сургуулилтууд нь насан туршийн боловсролд чухал ач холбогдолтой юм. Иймээс ЮНЕСКО нь ирээдүй хойч үеэ илүү нээлттэй, дэлхий ертөнцийг шинэчлэх чадвартай байлгахын тулд хүний оюун ухаан, сэтгэл зүй болоод сэтгэл санааг хөгжүүлдэг урлагийн боловсролыг дэмжиж ажилладаг.
Энэ өдрөөр л бид энэхүү гайхалтай урлагийн төрлийг амьдруулж буй хүмүүст хүндлэл үзүүлэх боломж олддог. Эдгээр хүмүүсийн тоонд яруу найрагчдаас гадна орчуулагчид, хэвлэн нийтлэгчид, яруу найргийн уншлага болон наадмын зохион байгуулагчид ч мөн орох юм. ЮНЕСКО нь эдгээр хүмүүсийг өдөр тутмын ажлаа хийж, бидний амьдралыг баяжуулж байдагт талархах ёстой хэмээн үзэж үүнийгээ бүх гишүүн улсууддаа уриалж байна.
Төгсгөлд нь хэлэхэд, яруу найраг бол туурвих, хуваалцах урлаг учраас ЮНЕСКО нь хүн бүрийг Дэлхийн яруу найргийн өдрөөр туурвиж, зохион бүтээж, хуваалцаж, мөн бүх хэлүүдэд нээлттэй байж бусдаас ялгаатай байдлаа тэмдэглэхийг уриалж байна. Учир нь урлагийг болон оюун санаагаа хөгжүүлэх нь энх тайвныг хөгжүүлж буйтай утга нэг билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд