Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/03-22 ・ 536

Ундны усны нөөц нь бидний эрин зууны хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ нь геополитик, экологи, хүмүүнлэгийн салбарыг хамарсан өргөн хүрээтэй сэдвүүдийн нэг юм. Усны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд усны байгалийн мөчлөг, шим мандлын хадгалан хамгаалалт болон нөхөн сэргээлтийг дэмждэг шийдлүүд зайлшгүй хэрэгтэй юм. Иймээс НҮБ-аас усны асуудлыг байгальд суурилсан, тогтвортой байдлаар шийдвэрлэхийн ач холбогдлыг онцлон энэ жилийн дэлхийн усны өдрийг "Байгальд ээлтэй усны шийдэл" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлаад байна.
Усны асуудлаар өнөөдөр бидэнд тулгарч буй сорилтуудын цар хүрээг дараах тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд: НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн 2018 оны тайланд дэлхийн хүн амын тэн хагас орчим буюу 3.6 тэрбум хүн усны хомсдолтой нөхцөлд аж төрж байгаа бөгөөд энэ тоо 2050 он гэхэд 5 тэрбумд хүрнэ хэмээн дурджээ. Үүгээр зогсохгүй өнөөдөр дэлхийн хүн амын усны хэрэглээ жилд 4,600 км3 байгаа бөгөөд энэ тоо 2050 он гэхэд 5,500 км3 буюу 6,000 км3-т хүрнэ хэмээн тооцоолжээ. Өнөөдөр жилд 4,600 км3 цэнгэг усыг дэлхий нийт ашиглаж буй нь тогтвортой байдлын дээд хязгаарт дөхөж очиж байгаа бөгөөд орон нутаг, бүс нутгийн ялгаатай байдлыг авч үзвэл зарим нэг бүс нутагт ундны усны тогтвортой байдал хангалтгүй байгаа нь харагдаж байна. Үүний нэгэн тод жишээ нь Өмнөд Африкийн Кейптаун хот бөгөөд энэ хот нь усны нөөцгүй болсон дэлхийн анхны хот болж байна. Кейптаун хот нь хотынхоо усны нөөцийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ердийн түвшнээсээ 13% хүртэл буурна хэмээн урьдчилан тооцоолж энэхүү өдрийг “Тэг болох өдөр" хэмээн нэрлээд байна. 
Усны хомсдлын гол шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэрэглээний огцом өсөлт, хог хаягдал ихтэй амьдралын хэв маяг зэрэг юм. Цаашлаад дэлхий даяар хаягдал усны 80 хувийг цэвэрлэхгүйгээр байгальд буцаан хаяж байна. Энэ нь эргээд усны хомсдлыг нэмэгдүүлж, экологийн тэнцвэргүй байдал, экосистемд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс байгалийн нөөцийг хамгаалах оновчтой шийдлүүдийг яаралтай эрж хайх нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, байгаль ба хүний нөлөөгөөр өөрчлөгдсөн экосистемийг хамгаалах, зохицуулах, нөхөн сэргээх, түүнчлэн хүний болон экологийн сорилтуудыг үр дүнтэй бөгөөд тогтвортой байдлаар шийдвэрлэх, хувь хүний сайн сайхан байдлыг сайжруулж, биологийн төрөл зүйлийг хамгаалах шийдлүүдийг дэмжих ёстой юм. 
Ялангуяа хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх болон ирээдүйн шинэ хотуудыг байгуулахтай холбоотой орчин үеийн усны менежментийн асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ ойг төлөвлөх, гол мөрний хэвийн урсацыг алдагдуулахгүй байх, ус намгархаг газрыг нөхөн сэргээх зэрэг нь чухал ач холбогдолтой юм. 
НҮБ-аас Усны тогтвортой хөгжлийн 10 жилийн үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан ЮНЕСКО улс орнуудыг ногоон, эргэлтийн эдийн засаг руу шилжих болон усны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг амлаж байгаа юм. 
Эдгээр хүчин чармайлт нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал хувь нэмэр оруулах болно. Үүний зэрэгцээ ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тогтвортой хотуудыг барьж байгуулах, хариуцлагатай хэрэглээ болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энх тайвныг бэхжүүлэх зэрэг нь усны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд