Холбоо барих


Шинжлэх Ухаан, Технологи, Инноваци

 

ЮНЕСКО-гийн Шинжлэх ухаан, байгаль орчны хэтийн зорилтуудад шинжлэх ухаан, технологийн хөгжил, байгаль, нийгмийн өөрчлөлтийг зөв удирдан залснаар хүний аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухаан, техник, хүний чадавхийг төлөвшүүлэх зэрэг асуудлууд ордог.

ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөр нь “Олон Улсын Ус Зүйн Үндэсний хөтөлбөр” (International Hydrological Programme), “Хүн ба Шим мандал” хөтөлбөр (Man and the Biosphere Programme), “Олон Улсын Газарзүйн хөтөлбөр” (International Geoscience Programme), “Засгийн газар хоорондын далай судлалын хороо” (Intergovernmental Oceanographic Commission), “Олон Улсын Суурь Шинжлэх Ухааны хөтөлбөр” (International Basic Sciences Programme) гэсэн 5 том бие даасан хөтөлбөртэй. Монгол Улс “Олон улсын ус зүйн хөтөлбөр”-ийн Монголын Үндэсний хороо болон “Хүн ба шим мандал хөтөлбөр”-ийн Монголын Үндэсний хороог байгуулан ажиллаж байна. ЮНЕСКО-гийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Хүн ба шим мандал хөтөлбөр  болон Олон улсын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. 2008 онд ЮНЕСКО Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт сэдвээр урт хугацааны бодлого боловсруулсан бөгөөд үүнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи олон нийтийн мэдлэгийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд туршилтын төсөл, боловсролын түвшин болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламж дэмжлэгтэйгээр дасан зохицох, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зэрэг асуудлууддад гол анхааралаа хандуулж, олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

1962 онд Монгол Улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд “Байгаль, байгалийн баялагийг хамгаалах тухай” тогтоолын төсөл оруулж батлуулсан нь эдүгээ дэлхий дахины өнөөгийн хөгжлийн стратегийн зорилт болон хувирсан. ЮНЕСКО нь Монголын суурь болон бусад шинжлэх ухааны салбар, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах зэрэг олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлсээр ирэв. Үүний нэг жишээ нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 1969 онд тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан, бие даалган зохион байгуулах зорилгоор "МОН-1" төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөгийн ШУТИС-ийн үндэс суурийг тавьсан явдал юм. ШУТИС нь 2000 оны үед ЮНЕСКО-гоос явуулсан судалгаагаар дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж буй Азийн 5 их сургуулийн нэгд багтсан явдал юм. Өнөөдөр ч гэсэн ЮНЕСКО-гоос шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар чухал бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн хөгжилд ч зохих үр нөлөөг үзүүлсээр байна.

ЮНЕСКО-той хамтран “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын ерөнхий бодлоготой холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээс гадна Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахад ЮНЕСКО-гийн шинжээчдийн баг ажилласан. 2011 ондМонгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд байгуулсан “Санамж бичиг”-т Мянганы хөгжлийн зорилтууд болон ЮНЕСКО-гийн хамрах салбаруудын хүрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилсан.

2013 оны 9 сард ЮНЕСКО БШУЯ-тай хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Мастер төлөвлөгөөнд тусгагдсан “Монгол Улсын Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх”, “Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгох” зэрэг асуудлуудын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-16-нд ЮНЕСКО, БШУЯ, ШУА болон ШУТИС хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлтүүд” сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү сургалт семинар нь мастер төлөвлөгөөнд орсон ШУ-ы статистикийн мэдээллийн систем, үзүүлэлтийг боловсронгуй болгож, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх мөн түүнчлэн шинжлэх ухааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын жишигт ойртуулж, статистикийн мэдээллийн маягт, аргачлалуудыг ЮНЕСКО болон бусад олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг баримт бичиг, стандартад нийцүүлэн дэс дараатай шинэчлэх арга хэмжээ авах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх ажлуудын үндэс суурийг тавьсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Монгол Улс 20 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн “Азийн шинжлэх ухаан, технологийн бодлогын сүлжээ”-нд 2003 онд нэгдэн орсон нь манай орны боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухааны салбарт үнэлэлт дүгнэлт өгөх, бодлого боловсруулах түвшинд ЮНЕСКО-гийн мэргэжлийн дэмжлэг авахад шинэ бололцоо олгож байгаа болно.

Мөн түүнчлэн ЮНЕСКО Л’Ореал корпорацитай хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргаж байгаа олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд “ЮНЕСКО-ЛОреал” тэтгэмжит шагналыг олгодог. Энэхүү шагналын гол зорилго нь шинжлэх ухааны салбарт судалгаа хийж байгаа, ирээдvйтэй залуу эрдэмтэн эмэгтэй судлаачдыг гадаадын оронд суралцах, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэн дэмжихэд оршдог бөгөөд уг шагнал нь шилдэг судлаачдийн шинжилгээ, судалгааны ажилд шаардлагатай хєрєнгє болон сургалтын тэтгэлгийг ивээн тэтгэх хэлбэрээр vзvvлдэг юм. Энэхүү шагналыг монгол эмэгтэй хүн хоёр удаа (2008 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс (ИБУИНВУ)-ын Ноттенхэймийн их сургуулийн докторант Д.Наранжаргал, 2012 онд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д.Энхмаа) тус тус хүртлээ. Энэ нь манай улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдогийн илэрхийлэл болж байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд