Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Мэдээ мэдээлэл 2018/03-20 ・ 339
1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 27 дугаар чуулганаар жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Үүнээс хойш уг өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон бөгөөд НҮБ-аас 2018 оны Дэлхийн усны өдрийг “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.
Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь устай холбоотой олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Тухайлбал, үер, ган гачгийн давтамж ихсэж, гол, ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалдаг. Ус бол экосистемийн нэг хэсэг учраас усны асуудлыг шийдвэрлэхэд байгаль орчныг орхигдуулж болохгүй юм. Иймд устай холбоотойгоор үүсэж буй сөрөг асуудлуудыг байгальд суурилуулан шийдвэрлэх нь чухал юм.
Энэ жилийн Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Усны академитай хамтран “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд, МУБИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран “Байгалиа дээдэлж усаа тэтгэе” сэдэвт оюутны шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээг МУБИС-ийн B байрны 123 тоотод 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт тус тус зохион байгуулна.
Эдгээр арга хэмжээний гол зорилго нь ус, байгаль орчны хоорондын уялдаа холбооны талаарх оюутан залуусын ойлголтыг нэмэгдүүлэх, устай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутнуудын оролцоог сайжруулах, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх явдал юм.
Түүнчлэн “Хот суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-тэй хамтран “Ус ба байгаль” сэдэвт хүүхдэд зориулсан комик номыг боловсруулан хэвлүүлсэн бөгөөд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан уг номыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээнэ.
 
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд