Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/03-09 ・ 376

Жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдөр олон улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдөр нь дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгэлгээг өөрчлөхөд туслах санал санаачилгыг хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Жендэрийн тэгш байдлыг сурталчлах нь ЮНЕСКО-ийн тэргүүлэх зорилтын нэг билээ. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбарынхаа хүрээнд охид эмэгтэйчүүдийг бүхий л мэргэжлээр боловсрол эзэмших, сургалтад хамрагдахыг дэмжиж тэдний хувь хүн болон мэргэжлийн хөгжилд тулгарч буй аливаа саад бэрхшээлийг арилгах, дээрх салбаруудад илүү олноор төлөөлөх боломжийг олгох үүрэг хүлээсэн юм.

ЮНЕСКО залуу охидод зориулсан бичиг үсгийн боловсрол олгох хөтөлбөр болон шинжлэх ухааны салбар дахь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн аль алинаар нь дамжуулан охид, эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахын эсрэг санаачилгаа улам нэмэгдүүлж тэдний ур чадвар, авьяасыг сурталчилж байна.

Энэ жил НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороо нь мэдээлэл, харилцаа холбооны технологи дахь эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхийг онцолсон. Саяхны нэг тайланд цахим орчинд мэдээлэл олж авахад тулгарч буй жендэрийн тэгш бус байдал дэлхий даяар буурсан тухай дурдсан байна. Хэдий тийм боловч интернэтийг ашиглаж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш их зөрүүтэй байна. 2016 онд интернэтийг ашигладаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 250 саяар илүү байгаа юм.

Эмэгтэйчүүд интернэтийн бага хэрэглээтэйгээс гадна компьютер технологийг хэрхэн ашиглах тухай сайн бэлтгэгдээгүй, өндөр технологийн салбарт ажилд орох боломж хомс, хэдий ажилд орсон ч эрэгтэйчүүдээс бага цалинтай байна. Мөн сэтгүүлчид, блогчид, зохиолчид, уран бүтээлчид болон энгийн иргэд цахим сүлжээнд доромжлох, заналхийлэх, дарамт үзүүлэх зэрэг хүчирхийллийн олон хэлбэрүүдтэй байнга тулгарч байдаг. Ихэнх эмэгтэйчүүд энэхүү хүчирхийлэлд өртөхгүйн тулд интернет хэрэглээнээс татгалзахыг илүүд үзсээр байна.

ЮНЕСКО жендэрийн ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг байгууллагын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй жендэрийн хэвшмэл ойлголтуудыг арилгахыг зорьж байна. Энэхүү тэмцлийг өөрийн мэдээлэл харилцаа холбооны салбар дахь эрх мэдлээ ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлдэг билээ.

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО Швед Улстай хамтран "Edit-a-thon" гэсэн хөгжилтэй бөгөөд мэдээлэл сайтай санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү санаачилга нь Википедиа-ийн цахим хуудаст эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг өргөн хүрээнд оруулахыг зорьсон билээ. Одоогоор тус хуудаст 6 намтар тутмын 1 нь эмэгтэй хүний тухай байгаа юм. Иймд дээрх мэдээллийг тэнцвэржүүлэхийн тулд ЮНЕСКО-ийн төв байранд Википедиа-ийн сургагч багшийн удирдлага дор олон сайн дурынхан онлайн нэвтэрхий толь бичигт хараахан ороогүй байгаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өндөр амжилт гаргасан эмэгтэйчүүдийн намтрыг судлан бичиж уг хуудаст оруулах юм.

Энэхүү санаачилга нь ЮНЕСКО-той хамтран ажилладаг байгууллагуудын цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр эргэлдэж буй чимээгүй хүчирхийлэлтэй тэмцэх цуврал хөтөлбөрүүдийн нэг билээ. Жишээлбэл: энэ жил 19 дэх удаагаа хэрэгжих буй “Эмэгтэйчүүд мэдээллийг бүтээдэг” хөтөлбөр нь сэтгүүлч, редактор, блогчид болон олон нийтийн жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг ойлголтыг судлах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх нэг сарын хугацаанд “Жендэрийн тэгш байдлын тандалт судалгаа”-г явуулдаг байна. Ийм төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ЮНЕСКО холбогдох байгууллагуудтай хамтран "Жендэрийн тэгш байдлын үзүүлэлтүүд" -ийг хөгжүүлэн гаргасан билээ.

ЮНЕСКО-ийн өөр нэг санаачилга нь "YouthMobile" юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь тогтвортой хөгжлийн шийдлүүдийг боловсруулах, ялангуяа мэдээлэл, технологийн салбарын үйл ажиллагаанд залуу охидыг хамруулахад чиглэсэн ухаалаг гар утасны програм хангамжийг хөгжүүлэхэд залуучуудыг сургаж чадавхжуулахад оршино.

ЮНЕСКО нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүхий л байгууллагуудыг дээр дурдсан хөтөлбөрүүдээс урам зориг авч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлахыг уриалж байна.

Одри Азулэй


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд