Холбоо барих


“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ БУРИАД ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН НОМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/02-26 ・ 483
Өнөөдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хурлын танхимд Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан хэвлүүлэн гаргаж буй “Монголой нюуса тобшоон” номын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдав.
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдөр хэлний олон төрлийг хадгалах, төрөлх хэл дээр суурилсан боловсролыг дэмжих зорилгоор Эх хэлний олон улсын өдрийг 1999 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, ахмад багш, нутгийн аялгуу судлаач Г.Гантогтохын “Монголын нууц товчоо”-ныг буриад хэлнээ хөрвүүлснийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжин Эх хэлний өдрийг тохиолдуулан хэвлүүлсэн.
Нээлтийн ажиллагаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцов.
Үйл ажиллагааны үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэлсэн бөгөөд тэрээр “Дэлхий дээр хоёр долоо хоног тутамд нэг хэл ул мөргүй алга болж байдаг гэсэн судалгаа байдаг. Тухайн хэлийг даган тухайн үндэстний соёл мөхөж бусдын хэл, соёлыг даган дууриаснаар уг үндэстэн, угсаатан мөхдөг. Иймд аливаа үндэстэн, угсаатны хувьд эх хэлээ хамгаалах, хадгалан үлдэх нь нэн чухал” хэмээгээд “Монголын нууц товчоо”-ныг олон хэл дээр хөрвүүлэн сурталчлан таниулах, цөөнхийн хэлийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор уг бүтээлийг буриад хэлнээ хөрвүүлснийг дэмжин ажилласан тухай мэдээлэв.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд