Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХОРООНЫ 12 ДУГААР ЧУУЛГАН БНСУ-ЫН ЖЭЖҮ АРАЛД БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/12-05 ・ 52

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган 2017 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд БНСУ-ын Жэжү аралд болж байна. ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2006 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хүрээгээ тэлж одоогийн байдлаар 175 улс орон нэгдэж ороод байна. Энэхүү конвенцийн Засгийн газар хоорондын хороо нь конвенцийн Ерөнхий ассамблейгаас 4 жилийн хугацаатайгаар сонгогддог 24 улсаас бүрддэг. Энэ удаагийн чуулганаар хүн төрөлхтний соёлын өвийг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэнэ.

Хороо нь соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг хангаж ажиллаж буй 11 улсын конвенцийн хэрэгжилтийн хугацаат тайлан, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн асуудлууд, конвенцийн нөлөөлөл, соёлын биет бус өвийн сангийн хөрөнгийн хуваарилалт зэргийг авч хэлэлцэхээс гадна яаралтай хамгаалах жагсаалтад бүртгүүлэх 6 өв, төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх 34 өв, олон улсын туслалцаа хүссэн 2 хүсэлт, нэг жагсаалтаас нөгөөд шилжүүлэх буюу жагсаалтаас хасах 1 өв, хамгааллын сайн туршлага хуримтлуулсан 4 өв, магадлан итгэмжлэгдэх хүсэлт гаргасан 50 төрийн бус байгууллагын хүсэлт, 2012 онд итгэмжлэгдсэн 59 төрийн бус байгууллагын тайлан зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Одоогийн байдлаар 26 улсын 47 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Харин төлөөллийн жагсаалтад 108 орны 365 өвийг бүртгэжээ. Хамгааллын талаар сайн туршлага хуримтлуулсан 17 хөтөлбөрийг бүртгээд байна.

Энэхүү хуралдаан Монгол Улсаас БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Мөн Монгол Улсаас Уул овоо тахих Монгол зан үйлийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм.

Чуулганы үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвийг улс орнуудад сурталчлах зорилгоор монголын ардын урлагийн “Тэнгэр аялгуу” хамтлаг тоглолтоо толилуулахаар бэлтгэж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд