Холбоо барих


ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ “ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/11-10 ・ 33

ЮНЕСКО болон Дэлхийн Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс хамтран 1999 онд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны бага хурлаар жил бүрийн 11 сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан бөгөөд 2001 оноос эхлэн албан ёсоор энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Түүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тус өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг болсон бөгөөд энэ жил уг өдрийг “Дэлхий нийтийн харилцан ойлголцлын төлөөх шинжлэх ухаан” уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нээлт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Бандий, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгч Н.Чимэддулам нар оролцлоо. 
Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Эрдмийн аян-2017", "Манзушир хутагт С.Цэрэндорж: Амьдрал өв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа. Мөн хүрээлэн буй орчны чиглэлээр сурч буй оюутнуудын дунд “Шилдэг оюутан” уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд “Хүн ба Байгаль” сэдэвт гар зургын уралдааныг тус тус зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн оюутан, сурагчдад шагнал гардууллаа. Мөн Хүүхдийн төв номын санд “Өсвөрийн эрдэмтэн клуб”-ын нээлтийг хийнэ. 
Дэлхийн шинжлэх ухааны өдөр нь тогтвортой хөгжил, хүн төрөлхтний тохь тухтай амьдрал болон олон улсын хамтын ажиллагаанд шинжлэх ухааны үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулан мэдүүлж, шинжлэх ухаан, технологийн тухайн жилд олсон ололт амжилтыг бүх нийтэд сурталчлан түгээх, бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох, хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд