Холбоо барих


МОНГОЛ УЛС ЮНЕСКО-Д ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙ

Мэдээ мэдээлэл 2017/11-01 ・ 100
Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болсон юм. Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна. Хамтран ажилласан 55 жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулахад анхааран ажиллаж ирлээ. Энэхүү 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж өнгөрөв. Уг арга хэмжээнд үе үеийн ЮНЕСКО-ийн үндэсний комиссын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-ийн дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажилласан ахмад дипломатч, үндэсний хорооны гишүүн, төсөл хөтөлбөрийн зохицуулагч, өв соёлын мэргэжилтэн зэрэг ажил амьдралаа ЮНЕСКО-той холбосон хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Арга хэмжээг нээж Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлэв. Номын нээлтийн үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулсан юм. “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургууд тавигдсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд энэхүү үзэсгэлэн нь эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Дэлхийн уураг тархи, оюуны байгууллагатай хамтран түншлэх 55 жилийн түүхийг бичилцсэн манай улсын сор болсон ахмад дипломатч, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд болон Монголын нийт ард түмэндээ Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
 
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд