Холбоо барих


ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/10-11 ・ 50

Охидыг хүчирхэгжүүлэхүй: онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ болон сэтгэлийн их тэсвэр хатуужилтай болгох тухай төлөвлөлт

 

Энэ жилийн Олон улсын охидын өдөр нь дэлхий нийтэд тулгарч буй албадан нүүлгэн шилжүүлэлт, уур амьсгалын өөрчлөлт болон хүчирхийллийн хэт их туйлшрал (экстремизм) зэрэг олон асуудал бэрхшээл бүхий цаг үетэй давхцан тохиож байна.

Зэвсэгт мөргөлдөөн, аль эсхүл байгалийн гамшгаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямралд охид, эмэгтэйчүүд үргэлжид хамгийн ихээр өртөж, тэдний 75 гаруй хувийг нь дайн, өлсгөлөн, хавчлага болоод байгалийн гамшигт нэрвэгдсэн дүрвэгсэд болон шилжин суурьшигсад эзэлж байгаа юм. Түүнчлэн эдгээр хүмүүс нь мөргөлдөөний үеэр мөн дүрвэгсдийн лагерьт бэлгийн хүчирхийлэл, дарлал мөлжлөгт илүү их өртөмтгий байдаг.

Энэ жилийн Олон улсын охидын өдрийг “Охидыг хүчирхэгжүүлэхүй: онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ болон сэтгэлийн их тэсвэр хатуужилтай болгох төлөвлөлт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь зуучлал, хэлэлцээрийн үйл явц дахь охид, эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог хангахын зэрэгцээ, ЮНЕСКО-ийн зүгээс охидыг янз бүрийн мөргөлдөөн болон хүчирхийллээс хамгаалах, мөн сэтгэлийн их тэсвэр хатуужилтай болгох ач холбогдолтой юм.

Мөргөлдөөнийг шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан Эмэгтэйчүүд, энх тайван болон аюулгүй байдлын тухай 1325 дугаар тогтоолын гол зорилго юм.

Үүнээс 17 жилийн дараагаар, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой болж байгаа төдийгүй тус хөтөлбөрийн “хэнийг ч орхигдуулахгүй” хэмээх үүрэг амлалт нь охидын шаардлага хэрэгцээг хангахаас эхлэх шаардлагатай.

ЮНЕСКО нь гишүүн улс болон түншүүдийн хамтын ажиллагааны ачаар Боловсрол 2030 үйл ажиллагааны хүрээг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь охид болон өсвөр насныхны амьдралыг нийгэм, эдийн засаг болон улс төрийн талаас өөрчлөх гол арга хэрэгсэл болгон боловсролыг дэмжих явдал юм. 2011 онд өсвөр насны охидод боловсрол олгох замаар ядуурлыг устгах, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх зорилго бүхий охид, эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан “Илүү сайн сайхан амьдрал, илүү сайн сайхан ирээдүй” нэртэй ЮНЕСКО-ийн Олон улсын түншлэлийг байгуулсан. Тус түншлэл нь дэлхий даяарх өсвөр насныхныг мэдлэг, ур чадвараар хангаж байгаа бөгөөд үүгээрээ тэдний гэр бүл болон нийгэмд өнөөдөр, маргаашийн эерэг үр өгөөжийг бий болгож байгаа юм.

Энх тайвныг цогцлоох, бүтээн байгуулах үйл явцад охидыг хүчирхэгжүүлэхгүй бол ямар ч нийгэм цэцэглэн хөгжих боломжгүй бас ямар ч энх тайвны гэрээ удаан үргэлжлэхгүй билээ. Тиймээс энэ чухал асуудлыг нийгэм дэхь эмзэг байдал, зөрчил мөргөлдөөн болоод хүчирхийллийн эсрэг тэмцэх хүчин чармайлтуудын хамгийн эхэнд тавих нь зүйтэй. Энэ өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн илгээлтийг ийнхүү хүргэж байна.

Ирина Бокова


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд