Холбоо барих


2017 ОНЫ ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДААС ХАМТРАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/10-05 ・ 69

Багшлах эрх чөлөө ба багш нарыг эрх мэдэлжүүлэх нь

 

Аливаа нийгэмд урт хугацааны тогтвортой байдлыг хангахад багш нар чухал үүрэгтэй. Тэд хүүхэд, залуус, насанд хүрэгчдийн чадамж бололцоог хангахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлдэг.

Гэтэл дэлхий дахинд олон багш энэхүү чухал ач холбогдол бүхий ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай дэмжлэг, эрх чөлөөгөөр хангагдаагүй байна. Үүнээс улбаалж, энэ жилийн Дэлхийн багш нарын өдрийг “Багшлах эрх чөлөө ба багш нарыг эрх мэдэлжүүлэх нь” уриан дор зохион байгуулж байна. Ингэснээр, эрх мэдэл бүхий багш нарын үнэ цэнийг дахин баталгаажуулж, дэлхийн бүх багш нарт мэргэжлийн хүрээнд тулгарч буй сорилтуудыг олж харах боломж нээгдэж байна гэж үзэж байна.

Эрх мэдэл бүхий багш байх нь чанартай сургалт, шудрага цалин хүртэх эрх төдийгүй мэргэжлийн хувьд өсөх боломжоор хангагдах байдлыг хэлнэ. Түүнчлэн, сургалтын үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх эрх чөлөө, мөн илүү үр өгөөжтэй, бүх нийтийг хамарсан, тэгш боловсрол олгох хамгийн тохиромжтой арга барилуудаас сонгох эрхийг илэрхийлэхээс гадна улс төрийн өөрчлөлт болон тогтворгүй байдал, зөрчилдөөний үед аюулгүй орчинд сурган хүмүүжүүлэх боломжийг хэлнэ.

Гэсэн хэдий ч, олон оронд боловсролын эрх чөлөө, багш нарын бие даасан байдал хязгаарлагдмал байна. Тухайлбал, зарим орнуудын бага, дунд боловсролын түвшинд стандартчилсан шалгалтын үр дүнг тайлагнах нарийн чанга тогтолцоо хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь сургуулиудад ихээхэн хүндрэл учруулж байгаа төдийгүй, сурагчдын олон талын хэрэгцээ шаардлагыг хангах өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг үл тоомсорлоход хүргэж байгаа юм.

Сургах эрх чөлөө нь боловсролын бүх түвшний багш нарт чухал ач холбогдолтой хэдий ч, ялангуяа дээд боловсролын багш нарын хувьд шинийг сэдэх, судлах мөн сүүлийн үеийн сурган хүмүүжүүлэх судалгааны талаар мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй.

Дээд боловсролын багш нар гол төлөв тодорхой хугацаагаар гэрээ байгуулж, тогтвортой бус байдлаар ажилладаг. Энэ нь цаашлаад ажил эрхлэлтийг тогтворгүй болгох, ахиж дэвших хэтийн төлөвийг бууруулах, ажлын хэт их ачаалал, хангалтгүй цалин хөлс зэрэг асуудлуудад хүргэдэг бөгөөд энэ бүхэн багш нарын сургах эрх чөлөөг хязгаарлахаас гадна, боловсролын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Улс төрийн дарамт шахалт, бизнесийн ашиг сонирхол нь сурган хүмүүжүүлэгчдийн багшлах эрх чөлөөг боловсролын бүх түвшинд хязгаарлаж байна. Мөн зөрчилдөөн, тогтворгүй байдалд өртсөн улс оронд ажиллаж, амьдарч буй багш нар сургалт явуулах явцдаа үл тэвчих байдал, ялгаварлан гадуурхалт, судалгаа, сургалтын холбогдох хязгаарлалт зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг.

Энэ жил Багш нарын статусын тухай ЮНЕСКО болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1966 оны зөвлөмжийг сайшааж Дээд боловсролын багшлах боловсон хүчний статусын тухай ЮНЕСКО-ийн 1997 оны зөвлөмжийн 20 жилийн ойн баяр тохиож байна. Эдгээр зөвлөмжүүд нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрх, үүргийн хүрээг тусгасан гол баримт бичиг бөгөөд багшийн бие даасан байдал болон сургах эрх чөлөө нь бүх нийтэд хүртээмжтэй сургалт, боловсрол бүхий дэлхийг бий болгоход чухал болохыг онцолсон байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн тулд дэлхийн бүх улс орнууд хамтран ажиллаж байгаа учраас боловсрол, хувийн хэвшлийн салбарууд дахь түншүүдээ ур чадвартай, үнэ цэнтэй, эрх мэдэлтэй боловсон хүчнийг бий болгохыг уриалж байгаа юм. Энэ нь охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй бүх хүнийг чанартай боловсрол, насан туршдаа суралцах боломжоор хангах Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг хангах хамгийн найдвартай арга зам юм.

Бүх багш нар, түүний дотор дээд боловсролын түвшнийг хамруулан зохистой хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, тэгш цалин хөлсөөр хангах, багш нарыг сургах хөгжүүлэх, мэргэшсэн багш нарын, ялангуяа багшлах боловсон хүчин дутмаг орнуудад тоо хэмжээг нэмэгдүүлэх, сургалт, судалгаан дахь аливаа шаардлагагүй хязгаарлалтыг арилгах, боловсролын бүх түвшинд сургах эрх чөлөөг хамгаалах болон багш нарын нийгэмд үзүүлж буй асар их нөлөөг тусгаж, хүндэтгэх замаар дэлхий даяар бүх багш нарын статусыг өргөх зэрэг явдлыг илэрхийлж байгаа юм.

Тиймээс, энэ жилийн “Дэлхийн багш нарын өдөр”-өөр илүү сайн, сайхан дэлхийн төлөө багш нарын сургах эрх чөлөө, бүх хүүхэд, насанд хүрэгчдийг суралцах эрх чөлөөг хангахад чиглэсэн бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гай Райдер
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Энтони Лейк 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Ахим Штайнер 
Олон улсын боловсролын байгууллагын
Ерөнхий нарийн бичгийн дарга Фред ван Леувен


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд