Холбоо барих


МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ТҮГЭЭМЭЛ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/09-29 ・ 58

Даяаршиж буй дэлхий ертөнцөд бүхнийг хамарсан, мэдлэгт суурилсан тогтвортой  нийгмийг бий болгоход мэдээлэл олж авах эрх чухал үүрэгтэй. Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдээлэл олж авах эрх чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байгаа юм.

Мэдээлэл олж авах нь хүний үндсэн эрх мөн бөгөөд үүгээр эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэмд өөрсдийн хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулахад шаардлагатай мэдлэгийг бий болгох, хуваалцах боломжийг олгодог. Түүнчлэн энэ нь засгийн газруудыг хариуцлагатай байхыг шаардах мэдлэгтэй иргэнтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд бүх хүмүүст, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд зориулсан боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн инноваци, бүтээлч сэтгэлгээний хөтөч юм.

Мэдээлжсэн байх нь хүний эрхийг баталгаажуулсан Мэдээлэл олж авах эрхийн тухай хууль, тогтоомжийг боловсруулж соёрхон батлаж хэрэгжүүлэх талаарх Засгийн газрын үүрэг амлалтаас эхэлнэ. Үүнд үр дүнтэй хэрэгжүүлэх механизм болон бүх төрлийн байгууллагуудын ил тод байх соёл чухал юм. Мөн иргэд мэдээллийг онлайн болон оффлайн зэрэг өөр өөр хэлбэрээр олж авах, ашиглах, дүн шинжилгээ хийх зэрэг бичиг үсгийн болон тоон ур чадварыг эзэмшиж шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах шаардлагатай. Иймээс ЮНЕСКО нь “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” тухай Тогтвортой хөгжлийн боловсролын 4 дүгээр зорилгыг биелүүлэхийн тулд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хүчийг ашиглахыг бүх засгийн газрууд, түнш байгууллагуудад уриалж байгаа юм. Мэдээлэл олж авах нь уялдаа холбоотой, орон нутгийн болон олон хэл бүхий агуулгыг боловсронгуй болгохыг хөхиүлэн дэмждэг учраас алсын хараатай бодлого болоод бүх шатны хүчтэй түншлэлийг шаардана.

Үүнээс гадна, мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийг тэмдэглэх нь сэтгүүлчдийн аюулгүй байдал болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөөх амлалтаа шинэчлэх боломжийг олгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ мэдээ мэдээлэл олж авах, нийгмийн чухал асуудлуудыг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр мэдээлэл олж авах түгээмэл эрх хэрэгждэггүй.

Мэдээлэл олж авах нь гагцхүү тусдаа зорилт бус, тогтвортой хөгжлийн бусад бүх зорилтуудын хэрэгжилтэд гол хувь нэмэр оруулагч юм. Тийм ч учраас бид эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн мэдээлэл олж авах эрхийг бүрэн хангахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай.

Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд