Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН ГЕОПАРКУУД ХӨТӨЛБӨР

Мэдээ мэдээлэл 2017/09-12 ・ 65

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд хөтөлбөр

            ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд хөтөлбөр нь олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноосхэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болсон. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 33 орны нийт 120 газар бүртгэгдээд байна.

            ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай байдаг. Зарим газрууд ЮНЕСКО-ийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт олон тодорхойлолтыг давхар авсан байдаг. Эдгээр давхар тодорхойлолтууд нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулж өгдөгөөрөө давуу талтай. Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм. 

ЮНЕСКО-ийн  Дэлхийн геопаркийн шалгуур үзүүлэлтүүд

            (I) ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь хадгалан хамгаалалт, боловсрол болон тогтвортой хөгжлийн нэгдмэл үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, бие даасан шинжлэх ухааны мэргэжилтнүүдээр шалгуулан баталгаажуулсан, олон улсын ач холбогдол бүхий геологийн тогтоцтой, онцгой, нэгдсэн газар зүйн нутгууд байх ба тодорхой хилийн заагтай, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд хангалттай хэмжээний талбайг агуулсан байх шаардлагатай юм. 

            (II) ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь нийгэмд тулгарч буй гол асуудлуудын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд геологийн өвийг тухайн бүс нутгийн байгалийн болон соёлын өвийн бусад бүх асуудалтай холбож ашиглана. Үүнээс гадна геологийн үйл явцууд, аюул эрсдэл, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын хэрэгцээ шаардлага, амьдралын хувьсал өөрчлөлт, нутгийн уугуул иргэдийн эрх мэдлийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ.

            (III) ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн орчин бүхий удирдах байгууллагатай байна. Энэхүү удирдах байгууллага нь ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн газар нутгийг хариуцан үйл ажиллагаа явуулах хангалттай хүний болон санхүүгийн нөөцтэй, өөрийн гэсэн орлогын эх үүсвэрийг бий болгох нийгэм-эдийн засгийн давуу талуудтай байх шаардлагатай.

            (IV) ЮНЕСКО-ийн Геопарк болгохоор нэр дэвшүүлж байгаа газар нутаг нь Дэлхийн өв эсвэл Шим мандлын нөөц газрын талбайтай давхцаж буй тохиолдолд нэр дэвшүүлэхээр бэлтгэж буй материалдаа энэхүү газар нутаг нь ЮНЕСКО-ийн Геопарк болсноор эдгээрээс юу нь илүү байх талаар тодорхой үндэслэл болон нотолгоог нэмж оруулсан байх ёстой. Мөн бусад тодорхойлолтуудтай хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар мэдээллийг агуулсан байна.

            (V) ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь нутгийн уугуул иргэд болон орон нутгийн иргэд, бүс нутгийн төлөөлөгчид ба эрх баригчид зэрэг төрөл бүрийн сонирхогч талууд болон олон нийтийг оролцуулсан доороосоо дээшээ чиглэсэн менежментийн бүтэцтэй байна. Түүнчлэн орон нутгийн ард иргэдийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангаж, тэдгээрийн амьдарч буй газар нутаг, соёлыг хадгалан хамгаалах өөрийн гэсэн менежментийн төлөвлөгөөг хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Тус газар нутгийн төлөвлөлт болон менежментэд шинжлэх ухааны арга барилуудаас гадна орон нутгийн ба нутгийн уугуул иргэдийн мэдлэг, дадлага, удирдах арга барил зэргийг нэмэлт болгон оруулсан байна.

            (VI) ЮНЕСКО-ийн геопарк хэмээн тодорхойлогдсон газар нь Дэлхийн геопаркуудын сүлжээнд гишүүнээр элсэх ёстой бөгөөд өөрсдийн туршлага, зөвлөмжийг сүлжээний бусад гишүүдтэй хуваалцаж, тэдэнтэй хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийг эрмэлзэн ажиллана. Уг сүлжээний гишүүн улс орнууд жилд 1000 ам.долларын хураамжийг төлөх үүрэгтэй.

            (VII) ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь геологийн өвийг хамгаалахдаа орон нутгийн болон үндэсний хууль тогтоомжийг баримтлана. ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болгохоор нэр дэвшүүлж буй газар нутаг нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан газар байх ёстой. Үүний зэрэгцээ ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудыг орон нутгийн болон үндэсний хэмжээнд геологийн өвийг хамгаалах ажлыг дэмжих хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй. Тус газрын удирдах байгууллага нь тухайн газраас олдсон чулуужсан үлдэгдэл, ашигт малтмал, өнгөлсөн чулуу, гоёл чимэглэлийн чулуулаг зэрэг геологийн биет зүйлсийг худалдахгүй. ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудад (хаана байршилтайгаас үл хамааран) геологийн материалын худалдааг бүхэлд нь хориглоно. Харин геопаркийн доторх байгалиасаа нөхөн сэргээгдэх боломжтой газруудаас шинжлэх ухаан,  боловсролын зорилгоор геологийн материалыг цуглуулахыг зөвшөөрч болно. Ийм зорилгод суурилсан геологийн материалын худалдааг онцгой тохиолдолд хүлээн зөвшөөрч болох юм. Харин үүнийг олон нийтэд орон нутгийн нөхцөл байдалтай холбон үндэслэлтэйгээр тодорхойлон тайлбарлаж, хяналт тавьж ажиллана. Энэ асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын зөвлөл тохиолдол тус бүр дээр зөвшилцөн шийдвэрлэнэ.

            (VIII) Эдгээр шалгуурийг үнэлгээний болон баталгаажуулалтын хуудсаар дамжуулан шалгана.

            Малайз Улсын Лангкави геопаркийн  туршлагаас

            Малайз улсын туршлагаас харахад тус улсын үндэсний болон олон улсын геопаркууд нь улсынхаа хууль тогтоох байгууллагаар албан ёсоор баталгаажуулагдсан байдаг бөгөөд геопаркуудын үйл ажиллагааг Үндэсний геопаркийн хороо нь зохицуулдаг байна. Харин Лангкави Орон нутгийн хөгжлийн засаг захиргааны байгууллага нь Малайз улсын Лангкави геопаркийг удирддаг бөгөөд түүний төлөөлөл Үндэсний геопаркийн хороонд орсон байдаг. Лангкави Орон нутгийн хөгжлийн засаг захиргааны байгууллага нь Геопарк-д нэр дэвшүүлэх материалыг улсынхаа хууль тогтоох байгууллагад өргөн барьж батлуулах ажлыг гүйцэтгэсэн байна. 

            Малайз улсын Лангкави арал нь 2007 онд Дэлхийн геопаркийн сүлжээнд орсон. Тус геопаркийн удирдах газар нь уг арлыг хөгжүүлэх олон ажлыг хариуцан хийдэг ба үүнд дэд бүтцийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг шинээр бий болгох, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалт семинарзохион байгуулах, хүүхэд залуучуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэг ажлууд хийдэг байна. Ийнхүү дэд бүтцээ маш сайн хөгжүүлж чадсанаар энэхүү газар геологийн аялал жуулчлал амжилттай хөгжиж, тэр хэмжээгээрээ аялал жуулчлалаас олох орлого нэмэгдэж орон нутгийн иргэдийн аж амьдрал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалдээшилсэн байна. Мөн уг газар нь олон нийт, сайн дурынхан, аялал жуулчлалын салбарынхан зэрэг олон оролцогч талуудтай хамтран ажилладаг нь энэхүү геопаркийн амжилтад эерэгээр нөлөөлсөн байна.

Эдгээр ажлын үр дүнд сүүлийн 10 жилд тус арлыг зорьж ирдэг жуулчдын тоо 1,8 саяас 3,6 сая болж даруй хоёр дахин өссөн байна. Мөн энэхүү арлын иргэдийн орлогын гол эх үүсвэр нь загас агнуур байсан бол өнөөдөр геологийн аялал жуулчлалаас гол орлогоо олдог болсон ажээ.

Одоогийн байдлаар тус газар нь Лангкави арал руу нисдэг шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, Энэтхэг улсаас тухайн арал дээр ирж хийдэг хуримын тоог нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор зочид буудлуудыг нэмж барих болон төрөл бүрийн урлагийн арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах ажлуудыг хийж байгаа юм байна. Мөн тэд идэвх санаачлагатай ажиллаж буй иргэд, хүүхэд залуучуудад геопаркийн элч гэсэн өргөмжлөл олгож хамтран ажилладаг. Түүнчлэн арлын фестивал, далайн тоглоомууд, маратон, усан спорт гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулж жуулчдын анхаарлыг татдаг байна.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

            


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд