Холбоо барих


Үүсэл, хөгжил

Бидний тухай 2014/10-05 ・ 3946

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын Үндэсний Комиссын үндсэн зорилго нь үндэсний хууль тогтоомж, ЮНЕСКО-гийн дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгон Монгол, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал мөн.

Үндэсний хууль тогтоомж, ЮНЕСКО-гийн Дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгон Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зорилт, үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах.

Монгол Улс, ЮНЕСКО-гийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-гийн МҮК-ыг 1963 оны 3 дугаар сард  ЮНЕСКО-гийн Дүрмийн заалтын VII зүйлд нийцүүлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, Дүрмийг нь баталсан билээ.

1963 оны 3 дугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор, ЮНЕСКО-гийн МҮК-ыг Гадаад Явдлын Яамны дэргэд байгуулж, анхны даргаар нь Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нарыг  томилсон байна.

ЮНЕСКО-гийн МҮК нь ЮНЕСКО-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байж холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгах талаар өөрийн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

ЮНЕСКО-гийн МҮК-ын Дүрэмд тус Комисс нь:

  • Үйл ажиллагаандаа Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн, улс орны эдийн засаг, нийгмийн салбарт тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр хандив оруулахыг чармайна;
  • ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд Монгол улсын идэвхтэй оролцоог  хангаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарт ЮНЕСКО, түүний бүсийн төвүүд, үндэсний байгууллагатай  хамтын ажиллагааг зохицуулна;
  • Монгол орны түүх, соёлын өв, дурсгалт зүйл, байгалийн өвөрмөц тогтоц, үнэт ховор баялаг, нөөцийг хайрлан арвижуулах, нөхөн сэргээх талаар ЮНЕСКО, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах чиглэлийг удирдлага болгоно;
  • Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааны талаар гадаад ертөнцөд таниулах, эдгээр салбарын хөгжлийг хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан урагшлуулахад ЮНЕСКО, түүний тогтолцоог ашиглахыг чухалчилна гэж заасан байдаг.

Энэ дашрамд, ЮНЕСКО, Монголын харилцаа, хамтын ажиллагаа тодорхой саад бэрхшээлийг бас даван туулж ирснийг хэлэх нь зүйтэй. Дэлхий дахин 1990-ээд он хүртэл үзэл суртлын хоёр системд хуваагдан, коммунист ангич үзэл суртлыг төрийн бодлогоо болгож ирсэн Монгол Улс дэлхийн бусад улс орон, олон улсын байгууллагад нээлттэй байгаагүй. Ийм нөхцөл байдалд ЮНЕСКО, Монгол Улстай нийгмийн байгууллыг нь үл харгалзан ажиллаж байсан хэдий ч манай орон олонх гишүүн оронтой хамтран ажиллах бололцоогүй байсан учир ЮНЕСКО, Монголын хамтын ажиллагаа нь хязгаарлагдмал, өөрийн язгуур шинж, бүтээлч чанараа бүрэн дүүрэн илрүүлэн гаргаж чадахгүй билээ. Мөн ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны хүрээнд манай улсын олон талт хамтын ажиллагаа өргөжин тэлж чадахгүй, манай төлөөлөгчид нэн чухал асуудлууд, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, үндэсний соёлын өв, үндэсний бахарлын асуудлаар нэг хэвшсэн үзэл бодолтой, өргөн маргаан хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцож санал бодлоо нээлттэй дэвшүүлэх бололцоогүй байсан нь ихэнхдээ идэвхгүй байр суурь баримтлахад хүргэдэг байжээ.

Нөгөө талаар ЮНЕСКО-гоос дэвшүүлж байсан шинэ шинэ чухал үзэл санаа, зорилтууд тэр бүр цаг үедээ өргөн олныг хамарч чадахгүй хурал, чуулганд оролцсон төдийгөөр өнгөрөх явдал цөөнгүй байсан бөгөөд ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагааг дэмждэг олон түмний хөдөлгөөн, тухайлбал, ЮНЕСКО-гийн холбоот сургууль, ЮНЕСКО-г дэмжих клуб, нийгэмлэг, холбоо байгуулах хөдөлгөөн өрнөөгүй явж ирсэн байна. Энэ нь нэгд, нийгмийн улс төрийн байдалтай уялдаатай байсан боловч мөн ЮНЕСКО-гийн МҮК, түүний ажлын хэсгийг олон жилийн турш зохих ёсоор бэхжүүлээгүй явж ирсэнтэй холбоотой. Үнэндээ 1990-ээд оны дунд үе хүртэл МҮК-ыг ГХЯ-ны ажлын аппаратад ганц хүн хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагааны цар хүрээтэй ажил явуулах статус, нөхцөл бололцоо байсангүй.

Харин 1990-ээд оноос Монгол Улс нийгмийн ардчилсан тогтолцоог бий болгох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэх, өөрчлөлт шинэчлэлтүүд хийж, дэлхийд нээлттэй хандах гадаад бодлого явуулах болсноор ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ өргөн бололцоо нээгдсэн билээ. Тухайлбал: ЮНЕСКО-гийн Клуб, Нийгэмлэгүүдийн Монголын Үндэсний Холбоо анх 1997 онд байгуулагдаж, ЮНЕСКО-гийн Клуб, Нийгэмлэгийн Дэлхийн Холбоонд элсэн бөгөөд  ЮНЕСКО-гийн үйл ажиллагаа, үзэл санааг дэмжихэд олон нийт, ард иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байдаг.

Мөн 1993 оны 1 дүгээр сарын 29-ний Монголын Засгийн газрын 18 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн МҮК-ын Дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж,  ажиллагааныхаа цар хүрээг тэлэн, агуулга, арга хэлбэрийг нь баяжуулж үр дүнг нь дээшлүүлж чадсаны хамт, бий болсон шинэ нөхцөл байдалд ЮНЕСКО-гийн МҮК-ын статус, бүтэц, бүрэлдэхүүний байдлыг нийцүүлэн бэхжүүлэх арга хэмжээг авч, түүнийг нэг яамны аппаратын бүтцээс гаргаж бие даасан статустай, өөрийн ажлын аппарат, орон тооны мэргэжилтнүүдтэй болгосон нь ЮНЕСКО, Монголын хамтын ажиллагааны хөгжилд чухал алхам болсон.

ЮНЕСКО-гийн МҮК-ын ажлыг 1996 оноос Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаасан. Харин 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 172 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн МҮК-ыг ГХЯ-нд харьяалуулж, Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

          

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга нар:

Урлал судлалын газрын дарга Э.Оюун                                            1963-1966

Ардын Боловсролын Яамны сайд Д.Ишцэрэн                                1966-1978

Ардын Боловсролын Яамны сайд Р.Санжаасүрэн                        1978-1983

Гадаад Явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар                              1983-1986

Гадаад Явдлын Яамны орлогч сайд Х.Олзвой                               1986-1991

Гадаад харилцааны дэд сайд Х.Бэхбат                                          1991-1993

Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор                                       1993-1996

Гэгээрлийн сайд Ч.Лхагважав                                                         1996-1998

Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг                                                      1998-1998

Гэгээрлийн сайд А.Баттөр                                                              1998-2000

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд А.Цанжид                   2000-2004

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд П.Цагаан                     2004-2004

Боловсрол, Соёл , Шинжлэх Ухааны сайд Ө. Энхтүвшин           2004-2007

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд  Н. Болормаа               2007-2008

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд  Ё. Отгонбаяр             2008-2012

Гадаад харилцааны сайд Л.Болд                                                     2012 оноос

 

Ерөнхий нарийн бичгийн дарга нар:

П.Цэрэнцоодол                                                                                  1963 -1966

Ц.Дэмиддаваг                                                                                    1966 -1968    

Н.Итгэл                                                                                             1968 -1971

Р. Даваадэмбэрэл                                                                              1971-1975

Б.Ванчиндорж                                                                                   1975 -1978

Н.Итгэл                                                                                             1978 -1992

Д.Цахилгаан                                                                                       1992 -1994

Ц.Цолмон                                                                                          1994 -1996

О. Дашдаваа                                                                                      1996

О.Чимидрэгзэн                                                                                  1996 -2002

Н.Уртнасан                                                                                       2002 -2010

Д.Далайжаргал                                                                                 2010-2011

Г.Жаргалсайхан                                                                                2011 оноос

 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд