Холбоо барих


УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЗАЛУУЧУУДЫН АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ НЬ

Мэдээ мэдээлэл 2017/05-10 ・ 242

“Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь”

ҮНДЭСНИЙ  ЧУУЛГАН

2017 оны 5 дугаар сарын 20-21-ний өдөр              Улаанбаатар хот, Монгол улс

 

 “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулганыг БОАЖЯам, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Байгальд ээлтэй хөгжил ТББ хамтран 2017 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус чуулган нь залуучуудын байгалийн  гамшиг,  уур  амьсгалтай  холбоотой  гамшигтай  тэмцэх, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур  амьсгалын  сөрөг  нөлөөллийг  бууруулах,  дасан  зохицох,  эрт  илрүүлэхэд чиглэгдсэн  боловсролыг дээшлүүлэх зорилготой билээ.  

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах амьдралын хэв маяг, газрын доройтол, цөлжилт, мал аж ахуй бэлчээрийн асуудал, ойжуулах, ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж, усны бохирдол зэрэг  асуудлуудыг хэлэлцэх ба их дээд сургуулийн оюутан залуучууд, холбогдох яамны бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын нийт 100 оролцогч оролцоно.

2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хуралдаанаар “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн   Хөтөлбөр”-ийг баталсан билээ. Уг хөтөлбөр нь 2030 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 17 зорилтуудтай болно. Эдгээр ТХБ-ын 17 зорилтуудыг улс орнуудад амжилттай хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх талаарх дэлхийн болон бүс нутгийн санал санаачлагуудыг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) дэмжин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь энэ эриний хамгийн ноцтой сорилтуудын нэг бөгөөд  түүний  сөрөг  нөлөөлөл  нь  бүх  улс  орнуудын  тогтвортой  хөгжлийг  хэрэгжүүлэх  боломжийг хөсөрдүүлж байна. Байгалийн  нөөцийн  хомсдол, цөлжилт, ган,  хөрсны  доройтол,  цэвэр  усны  хомсдол,  биологийн  олон  янз  байдлын  мөхөл  зэрэг  байгаль  орчны  доройтлын  сөрөг  нөлөөлөл  нь  хүн  төрөлхтөнд  тулгарч  байгаа  зорилтууд,  сөрөг  үр  дагаврыг  нэмэгдүүлж байна.

Тогтвортой хөгжлийн 13-дугаар зорилт нь “Уур  амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг  яаралтай авах” тухай билээ. Энэхүү зорилт нь уур амьсгалын өөрчлөлт түүний үр нөлөөтэй тэмцэх  хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хэлэлцэн, тухайн орны нөхцөлд нийцүүлэх улмаар үндэсний бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, залуучуудыг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын  асуудлыг ойлгож, хувь нэмрээ оруулахад нөлөөлөх, хандлага, зан үйлээ өөрчлөхөд уриалах, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд  дасан зохицоход туслах зорилготой юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн хэсгээс харах боломжтой. 
Бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэл явагдахыг анхаарна уу? 
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ: https://form.jotform.me/71275806894468

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд