Холбоо барих


Танилцуулга

ЮНЕСКО-гийн тухай 2014/10-03 ・ 4072

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО

Түүхээс товчхон

Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой. Нэгдсэн Үндэстний болон түүний зарим төрөлжсөн байгууллага, түүний дотор Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО, дайнаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирлыг багасгахад хүчин чармайлтаа чиглүүлдэг. Энэ байгууллага нь «Боловсрол, шинжлэх ухаан, соёл, үндэстэн ястны хамтын ажиллагаанд тулгуурлан энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хувь нэмрээ оруулах »-ыг эрхэмлэдэг.

Дэлхийн хоёрдугаар дайны ид дунд үе буюу 1942 оноос Европын улсуудын Засгийн газрын төлөөлөгчид Англид цугларч, дайн дуусах болоогүй ч боловсролын тогтолцоог шинэчлэх асуудлыг хөндөн ярилцаж эхэлсэн юм. Энэхүү асуудал түргэн хугацааны дотор хүчээ авч, шинэ Засгийн газрууд, түүний дотор АНУ оролцохоор болжээ.

Дайны дараа 1945 оны 11 дүгээр сарын 1-нд Лондон хотноо 40 гаруй улс орны төлөөлөгчид цугларсан томоохон бага хурал болов. Дайнд хамгийн их нэрвэгдсэн Франц, Их Британий санаачилгаар тус бага хурал энх тайвныг жинхэнэ утгаар нь тогтоох, бэхжүүлэх байгууллага үүсгэн буй болгохоор шийдсэн юм. Энэхүү шинэ байгууллага нь «хүн төрөлхтний оюун санаа, ёс суртахууны эв нэгдэл»-ийг хангаж, дэлхийн шинэ дайн өдөөхгүй байх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны стратеги дэвшүүлэн хүн төрөлхтний дэвшил хөгжлийг урагшлуулах зорилготой.

1945 оны 11 дүгээр сарын 16-нд Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагыг \ ЮНЕСКО \ үүсгэн байгуулж, дүрэмд 37 улс гарын үсэг зурсан юм. Дүрмийг 1946 онд Өмнөд Африк, Саудын Араб, Австрали, Бразил, Канад, Хятад, Дани, Египет, Америкийн Нэгдсэн Улс, Франц, Грек, Энэтхэг, Ливан, Мексик, Норвеги, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Доминикан Улс, Их Британи, Чехословак, Турк зэрэг 20 улс батламжилснаар хүчин төгөлдөр болжээ.

Дүрэм

ЮНЕСКО-гийн Дүрмийн удиртгалд «дайн хийх бодол хүний оюун ухаанд үүсдэг тул энх тайвныг хамгаалах үзлийг хүний ухамсарт л бататгах хэрэгтэй» гэж тунхагласан билээ. Мөн «түүхэнд ард түмнүүд бие биеэ харилцан үл ойлголцох байдал байнга оршиж, үндэстэн хоорондын  үл итгэлцлэл, хардалт сэрдэлтийн сэжим болж байсан нь тэдний зөрчлийг хурцатган ихэнх тохиолдолд дайнд хүргэж байв» хэмээжээ.

Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бат бэх энх тайвныг тогтоохоор Дүрэмд гарын үсэг зурсан улс гүрнүүд «боловсрол олох бүрэн бөгөөд эрх тэгш боломж, жинхэнэ үнэнийг чөлөөтэй олж авах, үзэл бодол, эрдэм мэдлэгээ чөлөөтэй солилцох нөхцөлөөр бүх нийтийг хангахаар шийдвэрлээд бие биеэ харилцан илүү ойлгох, тус тусын ёс заншлын талаар хамгийн үнэн зөв, яв цав мэдлэгтэй болохын тулд ард түмнүүдийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэхээр тогтжээ».

Дүрмийн нэгдүгээр зүйлд ЮНЕСКО « үндэстнүүдийн хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, соёлд төвлөрүүлэн», « арьс өнгө, хүйс, хэл, шашин ялгаварлахгүйгээр шударга ёс, хууль, хүний эрх ба үндсэн эрх чөлөөг нийтээр хүндэтгэх »-д хувь нэмрээ оруулахаар заасан байна. Дүрмийн бусад зүйлд тус байгууллагын үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагаа, харилцааны асуудлыг тусгасан байдаг.

 

ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Юуны түрүүнд ЮНЕСКО нь эрдэм түгээн дэлгэрүүлэх төв юм. ЮНЕСКО-гийн оюун санааны үүрэг нь боловсрол, соёл, мэдээлэл харилцаа, шинжлэх ухаанд гарч ирэх гэж буй өөрчлөлт, тулгамдсан зорилтуудыг урьдчилан харж, тэдгээрийг шийдэх бодлого, арга замыг эрэлхийлэх явдал юм. Энэхүү зорилгуудаа биелүүлэхэд ЮНЕСКО дотоод хүчин чадлаа дээд зэргээр ашиглаад зогсохгүй олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиуд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж байдаг.

ЮНЕСКО олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг. Иймээс ЮНЕСКО Конвенц, Мэдэгдэл, Тунхаглал, Зөвлөмж батлан хэрэгжүүлдэг. Тухайлбал : ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын 32 дугаар чуулганаар Биет бус соёлын өвийг хамгаалах тухай олон улсын Конвенцийг батлан гаргасан байна. 2005 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын чуулганаар Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай, бас Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын Конвенцуудыг хэлэлцэж батлав.

ЮНЕСКО нь мэдээлэл солилцох төв юм. ЮНЕСКО ном хэвлэл, интернетээр дамжуулан мэдлэг, туршлага, мэдээлэл цуглуулах, дамжуулах, солилцох, түгээх үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр олон улс, бүс нутаг, үндэсний хурал, уулзалт семинар зохион байгуулж, мэргэжилтнүүдэд  үзэл бодол, туршлага мэдлэгээ солилцох боломжийг олгодог.

ЮНЕСКО гишүүн орнуудынхаа боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарын байгууллага болоод мэргэжилтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх үүргийг хүлээдэг. Энэ үүргээ ихэвчлэн ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газар болон өөрийн хүрээлэнгүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ. Тухайлбал: ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн гишүүн орнуудын статистикийн мэдээлэл гаргаж байхад ЮНЕСКО-гийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн гишүүн орнуудын боловсролын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлдэг.

ЮНЕСКО боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийн гишүүн 190 улс гүрэн, туслах гишүүн 6 улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг. ЮНЕСКО олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, идэвхжүүлэх үүрэгтэй. Дакар хотноо хуралдсан Дэлхийн боловсролын чуулганаас дэвшүүлсэн Бүх нийтийн боловсролын хөдөлгөөнийг жишээ болгон авбал ЮНЕСКО тус хөдөлгөөнийг дэмжиж буй олон улс, бүс нутаг, үндэсний бүхий л үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, удирдан чиглүүлж байна.

ЮНЕСКО 60 гаруй жилийнхээ түүхэн туршлага сургамж дээр тулгуурлан өөрийн үйл ажиллагааны стратеги, чиглэлүүдийг орчин үеийн дэлхий дахины хөгжлийн шинэ дуудлагад нийцүүлэн шинээр тодорхойлсон билээ.           Шинэ зуун бол мэдээлэл, интернетийн эрин үе, шинэ техник, технологийн эрин үе, үүнийгээ дагаад дэлхийн амьдралын даяаршлын эрин үе болно гэж дэлхий нийтээр үзэж байна. Ийм ч учраас олон иргэншил, олон соёлын харилцан солилцон хөгжих цаг үеийг авчирлаа гэж үзэж байна.

Ямраар ч авч үзлээ гэсэн ЮНЕСКО-гийн эрх мэдлийн салбарууд болох боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүрээлэн буй орчин, мэдээлэл харилцаа холбооны хөгжил нь манай эрин үеийн олон талт хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход төдийгүй нийт хүн төрөлхтний цаашдын дэвшил, хөгжилд амин чухал үүрэгтэй нь тодорхой байна. НҮБ, дэлхийн улс түмнүүд үүнийг гүнзгий ухамсарлаж, ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгсөөр байна.  

ЮНЕСКО 2001 онд болсон Ерөнхий Бага Хурлынхаа 31 дүгээр чуулган дээр үйл ажиллагааныхаа дунд хугацааны стратегийг «Даяаршлын эрин зуунд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар энх тайвныг сахин бэхжүүлэх, хүний хөгжлийг хангахад тус дэм үзүүлэх болно» гэж тодорхойлсон билээ. Үүнийг ЮНЕСКО-гийн эрх мэдэл, үүрэг зорилгыг даяаршлын үйл явцыг хүмүүнлиг шинжтэй болгох, хүн төрөлхтний хөгжилд эергээр нөлөөлүүлэхэд чиглүүлэх гэсэн зорилго гэж тайлбарлаж байна.  

Энэхүү стратеги зорилгынхоо хүрээнд ЮНЕСКО нэгд, ядуурал, ялангуяа нэн ядуурлыг арилгах, хоёрт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарыг хөгжүүлэх, мэдлэгт тулгуурласан нийгэм төлөвшүүлэхэд мэдээлэл, холбооны технологийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгуудыг онцлоод байна.

ЮНЕСКО өөрийн орчин цагийн стратегийг тодорхойлох үүднээс сүүлийн жилүүдэд тодорхой салбаруудын асуудлаар тухайлбал, Жомтием болон Дакарт боловсролын, Риод хүрээлэн байгаа орчны, Венад хүний эрхийн, Бээжинд эмэгтэйчүүдийн, Кайрт хүн ам зүйн, Копенхагенд нийгмийн хөгжлийн, Стамбулд суурьшлын, Будапештэд шинжлэх ухааны, Стокольмд соёлын асуудлаар  дэлхий дахины их хурлуудыг зохион байгуулсан билээ.       Дээрх хурлууд дэлхий нийтийг хамарсан асуудлуудаар стратегийн зорилтууд дэвшүүлэн хэлэлцүүлж бүх гишүүн орнуудын дэмжлэгийг авч чадсан.

Өнөөдөр ЮНЕСКО өөрийн бодлого, үйл ажиллагаагаараа НҮБ-аас дэвшүүлсэн Хөгжил дэвшлийн төлөө Мянганы зорилтуудыг хэрэгжүүлэх, ялангуяа 2015 он гэхэд нэн ядуучуудын тоог хоёр дахин багасгах, бүхий л улс оронд бүх нийтийг бага боловсролтой болох нөхцлийг бүрдүүлэх, бага, дунд сургуулиудад хүйс тэнцвэртэй байдлыг хангах, улс орнуудад үндэсний тогтвортой хөгжлийн  бодлогыг боловсруулахад туслах зэргийг онцгойлон анхаарч байгаа билээ. 

Төв байр

ЮНЕСКО-гийн Төв байрыг Парис хотод байрлуулахаар 1945 онд шийдвэрлэжээ. Үйл ажиллагааныхаа эхэн үед ЮНЕСКО түр зуур Парис хотын төвд «Mажестик» хэмээх зочид буудалд байрлаж байгаад 1958 онд Парисын 7 дугаар дүүрэг буюу Эйфелийн цамхгаас холгүй орших Фонтенуан талбайд босгосон « гурван хошуут од » хэлбэртэй, уран барилгын нэгэн хосгүй бүтээл болох Төв байрандаа орсон байна.  Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд зориулсан баян хуур хэлбэртэй танхим, албан тасалгааны зориулалттай шоо хэлбэртэй барилга болон газар дор барьсан хоёр давхар барилга зэрэг гурван байгууламжийг нэмж барьснаар ЮНЕСКО-гийн Төв байрны цогцолборыг дуусгасан байна. Төв байрны цогцолборыг үзэсгэлэнтэй болгох үүднээс урлагийн олон бүтээлийг захиалан хийлгэснээс гадна, гишүүн орнуудаас бэлэглэсэн эртний болон орчин үеийн олон бүтээлээр байрны ханыг чимэглэжээ.

Сүлд

ЮНЕСКО-гийн сүлдийг 1954 онд баталжээ. Сүлд Афин хотын Акрополийн гүвээн дээр барьсан Партэнон сүмийн хэлбэрээрээ Манай эриний өмнөх VI дугаар зууны үед ардчиллын үндсийг тавьсан Грек улсад ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд