Холбоо барих


Оролцооны хөтөлбөр

ЮНЕСКО-гийн бүх гишүүд болон туслах гишүүд, мөн ЮНЕСКО-той албан ёсны харилцаа, хамтын үйл ажиллагаа явуулдаг, Гүйцэтгэх Зөвлөлийн жагсаалтад орсон олон улсын ТББ, Оролцох хөтөлбөрт хамрагдах эрхтэй байдаг. Гэхдээ сүүлийн үед Оролцох хөтөлбөрт буурай хөгжилтэй улс орнуудыг илүү түлхүү хамруулах хандлагатай байна. 2002-2003 оны үед ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал Коичиро Мацуура Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад хандан – ялангуяа Хөгжлийн Тусламжын Хороонд – хөгжил буурай улс орнуудад илүү санхүүгийн дэмжлэг авах боломж гаргахын тулд Оролцох хөтөлбөрт хүсэлт гаргахаасаа түтгэлзэхийг уриалсан билээ.

Оролцох хөтөлбөрийг хоёр жил нэг удаа зарладаг (2008-2009, 2010-2011, 2012-2013 г.м) бөгөөд мөн 1990-1991 оны мөчлөлөөс эхлэн ЮНЕСКО Оролцох хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнууддаа онцгой нөхцлийн тусламж (emergency assistance) үзүүлдэг болсон. Онцгой нөхцлийн тусламжыг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны салбарт сүйрэл учруулах хор хөнөөлтэй  урьдчилан тооцоогүй байгалийн гамшиг, гай тотгор тохиолдож, тухайн улс дангаараа тулгарсан бэрхшээлийг даван туулж чадахгүй буюу олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын систем дэх төрөлжсөн бусад байгууллагууд туслаж дэмжсний дараа олгодог билээ. Нэг удаагийн онцгой нөхцлийн тусламжын хэмжээ 50,000 ам.доллароос хэтэрдэггүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг дүгнэх, зайлшгүй авах шаардлагатай үндсэн арга хэмжээг тодорхойлох, шинжээчдээр хангах болон төсвийн гадуурх болон бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхойлоход чиглэгддэг. Үүнийг ЮНЕСКО, НҮБ-ын бусад агентлагуудтай хамтран гүйцэтгэдэг.

Хоёр жил тутам ЮНЕСКО-гийн хөтөлбөр, төсвийг баталсны дараа Ерөнхий захирал гишүүн орнуудынхаа ЮНЕСКО-гийн асуудал хариуцсан яам, Үндэсний Комисс, Байнгын төлөөлөгчдийн газарт хандан албан захиа илгээж, Оролцох хөтөлбөрт урьдаг журамтай. Гишүүн орнуудын Оролцох хөтөлбөрөөс санхүүжилт хүссэн төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө нь ЮНЕСКО-гийн гол хөтөлбөр, баримталж буй стратегитай нягт холбоотой байх ёстой.

Оролцох хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гишүүн орнууд Үндэсний Комиссоороо дамжуулан эсхүл Үндэсний Комисс байхгүй тохиолдолд томилогдсон Засгийн газрын байгууллагаар дамжуулан илгээнэ.

Оролцох хөтөлбөрт нэг улсаас илгээх төсөл, үйл ажиллагааны тоо болон нэг төслийн санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээг Ерөнхий Бага хурлаар шийддэг. 2011 оны 10 дугаар сард болсон 36 дугаар Ерөнхий Бага хурлаар 2012-2013 оны мөчлөгт оролцохыг хүссэн нэг улсын хүсэлтийг 10-аас хэтрэхгүй байхаар тогтсон. Бүх хүсэлтийг ач холбогдлынх нь дагуу 1-10 хүртэл дугаарлах ёстой. Хүсэлтүүдийг ЮНЕСКО нягтлан үзэхээс өмнө зөвхөн Үндэсний Комиссын албан ёсны захиагаар төслийн ач холбогдлын дугаарыг өөрчлөх журамтай.

 Мөн ЮНЕСКО-гийн албан ёсны түншлэгч, Гүйцэтгэх Зөвлөлийн жагсаалтад орсон олон улсын ТББ бүс нутаг, дэд бүс болон бүс нутгуудыг хамарсан хоёроос дээшгүй төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Оролцох хөтөлбөрт илгээж болно. Ингэхий тулд дор хаяж тухай төсөл хэрэгжих гишүүн орон дэмжиж, хамрагдах өөр гишүүн улс хүлээн зөвшөөрснийг батлах ёстой.

2012-2013 оны мөчлөгийн Оролцох хөтөлбөрийн нэг хүсэлтийн санхүүгийн тусламжын дээд хэмжээг доорх тогтсон хэмжээнээс хэтрэхгүй байхаар тогтсон:

  • Улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа 26,000 ам.доллар
  • Дэд бүсийн эсвэл бүс нутгуудыг хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа 35, 000 ам.доллар
  • Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа 46, 000 ам.доллар

Үүнээс 2012-2013 оны баталсан бүх Оролцох хөтөлбөрийн төслүүдийн: 7 хувь нь Онцгой нөхцлийн тусламж,  5 хувь нь олон улсын ТББ, 3 хувь нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төсөл байх бөгөөд заасан хувиас хэтрэхгүй байхаар тогтсон. Оролцох хөтөлбөрөөр ЮНЕСКО доорх зорилгуудыг биелүүлэхийг зорьдог:

  • ЮНЕСКО-гийн үйл ажиллагаатай шууд холбоотой, гишүүн орны удирдаж буй дэд бүс, бүс нутаг болон бүс нутгуудыг хамарсан төсөлд оролцож ЮНЕСКО-гийн хөтөлбөр, статистикийн зорилтуудыг хэрэгжүүлэх;
  • ЮНЕСКО ба гишүүн орнууд, мөн ЮНЕСКО ба олон улсын ТББ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • Гишүүн орнууддаа ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг сурталчлах.

Оролцох хөтөлбөр бол ЮНЕСКО-гийн хөтөлбөр, төсвийн чухал хэсэг бөгөөд 2012-2013 оны Оролцох хөтөлбөрийн хүрээнд дэмжих нийт төслийн санхүүгийн хэмжээг 17,917,800 ам. доллараар баталсан. Энэ мөчлөгт ЮНЕСКО-гийн МҮК-ийн боловсруулсан “ЮНЕСКО, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн зорилго, үйл ажиллагааг сурталчлах”; БСШУЯ-ны “Монголын шинжлэх ухаан болон инновацын салбарын чадавхийг сайжруулах” хоёр төсөл батлагдсан.

Оролцох хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олон төсөл, үйл ажиллагаанууд ЮНЕСКО-гийн хариуцдаг бүхий л салбарт хэрэгжсэн билээ. Цухас дурдахад: “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санг сайжруулах нь” төсөл, “Нүүдэлчдийн соёлын олон талд байдал”  олон улсын хурал, “Говийн Их Дархан цаазат газрын ховор ургамлыг хамгаалах, нөөцийг сэргээн сайжруулах” төсөл зэрэг олон төсөл, үйл ажиллагаануудыг дурдаж болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд