Холбоо барих


“Богцон дахь Соёлын Өв”сургалтын иж бүрдлийн нээлт, сургалт-семинар

Мэдээ мэдээлэл 2016/03-14 ・ 930

Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүсгэл санаачлагын хүрээнд бүтээгдсэн “Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдлийн нээлт Улаанбаатар хотноо 2016.03.17-нд Уран зургийн галерейд болно. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгон уг сургалтын иж бүрдлийг хэрхэн ашиглах талаарх сургалт-семинарыг 2016.03.19-20-нд Өвөрхангай аймгийн Хархорин хотод зохион байгуулах бөгөөд үүнд Дэлхийн Өв – Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 14 багш сурган хүмүүжүүлэгчид оролцох юм.  

“Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдэл нь 2009-2015 онд Монакогийн Вант Улсын Итгэлцлийн Сангийн санхүүжилтээр хэрэгжсэн ЮНЕСКО-гийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлэх” төслийн хүрээнд бүтээгдсэн ба энэхүү төслийн залгамж болгон ЮНЕСКО-оос 2016-2017 онд хэрэгжүүлэх “Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн соёлын өвийн талаархи мэдлэг чадавхийг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. “Богцон дахь соёлын өв” нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид болон багш нарт зориулсан, харилцан идэвхитэй бүтээлчээр ашиглах боломж бүхий сургалтын иж бүрдэл юм. Уг иж бүрдэл нь Монголын хүүхэд залуучууд өвийн үнэ цэнийг сургуулийн танхимд багшийн тусламжтай судлахад зориулагдсан бөгөөд өөрийн орон нутагт байгаа өвийг таньж мэдэх, хайрлан хамгаалах ур чадварт бүрэн суралцахуйц хэмжээний өргөн мэдлэг мэдээллийг агуулсан сургалтын хэрэгсэл юм.

 “Богцон дахь соёлын өв” иж бүрдэл хэрэгслийн сургалтын туршилтын шатны үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий болон Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ерөнхий боловсролын долоон сугууль хамрагдаж байна.

Энэхүү нээлт, сургалт семинарын арга хэмжээг ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Монголын Дэлхийн Соёлын Өвийн сургалт судалгааны хүрээлэн НҮТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын БСШУЯ, ЮНЕСКО-ийн МҮК болон Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Захиргаа дэмжин оролцож байгаа болно.

Дээрх байгууллагын төлөөллөөс гадна Соёлын биет болон биет бус өвийн сургалт сурталчилгаа, хадгалалт хамгаалалтын чиглэлээр ажилладаг бусад холбогдох ТББ болон дунд, дээд боловсролын байгууллагууд, цаашлаад зарим Элчин Сайдын Яамны Соёлын Аташе нар уригдан оролцох юм. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд