Холбоо барих


Санамж бичгүүд

    ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын айлчлалын үеэр Монгол Улс, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхой болгодог нь уламжлал болсон билээ.

         Анхны Санамж бичигт БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Д.Ишцэрэн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Рене Мае нар 1971 оны 7 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Энэхүү Санамж бичигт харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд тусгагдсан юм. Санамж бичигт Улсын Багшийн Дээд Сургууль, Политехникийн Дээд Сургуулийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв, ШУА-ийн Химийн хүрээлэн байгуулах, Төв Ази болон Монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, ардын дуу хөгжмийн пянз бичих, хэвлэх арга техникийг боловсронгуй болгох зэрэг зорилт тавьсан байна.

            Хоёр дахь Санамж бичигт Ардын Боловсролын Яамны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Р.Санжаасүрэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Амаду Махтар М’Боу нар 1978 оны 6 дугаар сарын 23-нд гарын үсэг зурсан байна. Энэхүү Санамж бичигт Улсын Багшийн Дээд Сургуулийн материаллаг бааз, сургалтын чанарыг сайжруулах, багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөх, микробиологи, газар хөдлөл, цөлөрхөг нутгийн судалгааг хөгжүүлэх, Шинжлэх ухааны хэвлэлийн газар, Төв номын сангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах, радио, телевизийн студи байгуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой асуудал тусгагдсан байна.

         1990-ээд оны эхнээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан үйл явцыг ЮНЕСКО-гийн зүгээс дэмжиж, бодит тусламж үзүүлэхийг илэрхийлсэн Санамж бичигт 1992 оны 4 дүгээр сарын 26-нд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Федерико Майор Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр гарын үсэг зуржээ. Энэхүү Санамж бичигт уйгаржин монгол бичгийг сэргээхэд ЮНЕСКО санхүүгийн дэмжлэг үзүүлэх, албан бус боловсролын “Говийн эмэгтэйчүүд” төслийг хэрэгжүүлэх, цөлжилтийг судлах, “Нүүдэлчдийн замаар” олон улсын эрдэм шинжилгээний аялалыг Монгол Улсад зохион байгуулах, Дэлхийн өвд Монголын өвийг бүртгэлтэй болгох зэрэг олон асуудал орсон байна.

   1996 оны 4 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд зочлох үеэр зурсан Санамж бичигт албан бус боловсролын төслийг үргэлжлүүлэхэд ЮНЕСКО дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг сургах, Хархорины Их сургуульд тусламж дэмжлэг үзүүлэх, ардчиллыг багийн түвшинд хэрэгжүүлэх, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулахад хамтран ажиллах зэрэг заалтыг тусгасан байна.

     Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий захирал Коичиро Мацуура 2002 оны 7 дугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр байгуулсан Санамж бичигт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга А.Цанжид, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал К.Мацуура нар гарын үсэг зурсан юм.

           Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 45 жилийн ой болон Улаанбаатар хотноо болсон ЮНЕСКО-гийн Зүүн Азийн орнуудын Хүүхдийн Урлагийн V их наадмыг тохиолдуулан Ерөнхий Захирал, ноён Коичиро Мацуура 2006 оны 7 дугаар сарын 26-29-нд Монгол Улсад албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулжээ.

           Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова манай улсад 2011 оны 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчилсан. Түүний айлчлал нь Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой давхацсан жилд тохиож Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадамд хүндэт зочноор уригдан оролцсон юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд