Холбоо барих


“XXI зуун дахь энх тайван судлал ба Монгол улс”

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль болон ГХЯ хамтран “XXI зуун дахь энх тайван судлал ба Монгол улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 10 сарын 24-25-нд зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний хурал нь энх тайван судлалын асуудлаар Монгол улсад болж буй анхны хурал гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой төдийгүй ЮНЕСКО-гийн 70 жилийн ой, "Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулагдав.

Монгол улс жижиг бага улс хэдий ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тунхагласан цагаас хойш энхтайванч гадаад бодлого явуулж ирсэн уламжлалтай. Түүхийг сөхвөл монголчууд бидний хувьд энх тайванч зарчим эртнээс улбааатай байж болохыг Монгол улсын дипломатын түүхээс харж болно. Орчин цагийн ардчилсан Монгол улсын гадаад бодлого ч энхтайванч үзэл, зарчмаар дүүрэн байдаг. Үүний тод илрэл бол Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн статус, үл нэгдэх бодлого, хоёр хөрштэй төвийг сахин тэгш харилцах чиглэлээ гуравдагч хөршийн бодлогоор тэнцвэржүүлж байгаа, ЗХА-ийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхээр санаачлаад байгаа Улаанбаатарын яриа хэлэлцээ болон НҮБ, түүний төрөлжсөн, салбар байгууллагууд дахь идэвхи, санаачлагатай гишүүнчлэл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь идэвхитэй оролцоогоор харагдана. Монгол улсын энх тайванч гадаад бодлого нь олон улсын харилцааны энх тайван судлалын үзэл санаа, зорилготой нийцсэн, онолын судалгааны бодит нэгэн жишээ, үлгэр болохын хувьд энэхүү хурлыг олон улсын түвшинд зохион байгуулахаар санаачилсан болно.

Хурлаар энх тайван судлалын талаарх онолын судалгааны өнөөгийн үзэл хандлага хийгээд бүс нутаг дахь зарим энхийн төлөө олон улсын үйл ажиллагааны байдал, төлвийн талаар хэлэлцэхээс гадна манай улсын эрдэмтэн судлаачдын энх тайван судлалын талаарх онол, практикийн байр суурь, ойлголтыг ойртуулах, олон улсын түвшинд Монголын “энх тайванч” гадаад бодлогыг танилцуулах, цаашид энх тайван судлалын нэгэн бодит жишээ болгох талаар судалгааны мэдээлэл олгох зэрэг зорилтуудыг дэвшүүлэн зохион байгуулсан болно.   

Хурлыг МУИС-ийн ОУХНУС-ийн санаачлагаар зохион байгуулсан бөгөөд ГХЯ, ЮНЕСКО-ийн Үндсэний Комисс хамтран зохион байгуулагчдаар оролцсон болно.

Хуралд Монголоос гадна Канад, Япон, БНСУ, ОХУ-ын судлаачид оролцож онол, практикийн сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

Хурлын үйл ажиллагааг нээж ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг үг хэлэхдээ Монгол улсад энх тайвны чиглэлээр зохион байгуулагдаж байгаа анхны хурал хэмээн ач холбогдлыг нь үнэлж, хурлын эрдмийн үр өгөөжийг ерөөсөн бол урилгаар оролцсон НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглу энх тайвны үйлсийн төлөө ямагт идэвхитэй байр суурьтай байдаг Монгол улсад энх тайван судлалаар зохион байгуулагдаж буй “түүхэн анхны хурал” хэмээн үнэлж, НҮБ байгуулагдсан өдөр зохион байгуулагдаж байгаагаараа давхар ач холбогдолтой байгааг онцлон сайшаасан юм. Мөн ЮНЕСКО-ийн Монголын Үндсэний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Жаргалсайхан хурлыг зохион байгуулж байгаа ач холбогдлыг үнэлсэн юм.  

Хуралд орчин цагийн Монгол улсын гадаад бодлогын “энх тайванч” хэв шинжийг тодотгосон “Даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд Монгол улсын гадаад бодлогын үүрэг, ач холбогдол” сэдвээр ГХЯ-ны БТГ-ын захирал доктор Ц.Батбаяр, “Даян дэлхийн энх тайвны төлөө Монгол улсын олон талт хамтын ажиллагаа” сэдвээр ГХЯ-ны ОУБ-ын газрын захирал Г.Ганболд нар гол илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол Монгол улсын НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаан дахь оролцооны талаар Монгол улсын зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Д.Мягмаржав, Монгол улсын гуравдагч хөршийн бодлогын энхтайванч мөн чанарын талаар Хүмүүнлигийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор Д.Уламбаяр, ЗХА-ийн тогтвортой байдлыг хангаж, энх тайвныг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээний ач хологдлын талаар ССХ-ийн Хятад,Зүүн Ази судлалын төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Монгол улсын цөмийн зэвсэггүй статус нь Монгол улсын энх тайванч гадаад бодлогын нэн чухаг элемент болох талаар МУИС-ийн ОУХНУС-ийн багш С.Баясгалан нар илтгэл хэлэлцүүлсэн.

Энх тайван судлалын хөгжлийн өнөөгийн байдлын талаар Японы Осакагийн Иогакунигийн их сургуулийн профессор доктор Киоко Окумото, Канадын Энхтайван судлалын дэд захирал,  профессор Венди Кроекер, МУИС-ийн ОУХНУС-ийн багш Д.Оюунсүрэн нар, харин энх тайвны төлөө үйлс дэх олон улсын төрийн бус байгууллагуудын оролцоо, үйл ажиллагааны талаар БНСУ-ын ЗХА-ийн Энхтайвны хүрээлэнгийн захирал Жэй Юн Ли болон Монголын Эмнэсти интерэйшнлийн тэргүүн Б.Алтантуяа, зарим их гүрнүүдийн энхтайвныг дэмжихэд оруулж буй хувь нэмрийн талаар ШУА-ийн ОУСХ-ийн Европ судлалын секторын эрхлэгч, доктор Д.Золбоо, ОХУ-ын МГИМО-ийн судлаач Станислав Безруков нар илтгэл хэлэлцүүлэв.Энхтайван судлалын онол, түүхийн асуудлаар Хүмүүнлигийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Д.Мягмардорж, МУИС-ийн ОУХНУС-ийн дэд профессор, доктор Ж.Баттогтох болон ахлах багш Г.Баасанхүү нар илтгэл хэлэлцүүлсэн болно.     

Хуралд урилгаар оролцсон БНСУ, Японы зочид Зүүн Хойт Азийн Энхтайвны Хүрээлэнгийн зуны сургалтыг 2015 оны 8 сарын 8-8 сарын 20-ны хооронд Монгол улсад зохион байгуулахаар болсон төдийгүй хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийг эмхтгэн олны хүртээл болгохоор бэлдэж байна. 

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд