Холбоо барих


"Монгол уран бичлэг"

Бүртгэгдсэн өвүүд 2014/11-17 ・ 5569

"Монгол уран бичлэг" ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд 2013 онд бүртгэгджээ.

Монгол улс түүхэндээ олон төрлийн бичиг үсэг хэрэглэж байсан уран бичлэгийн үүсэл хөгжлийн өлгий нутаг билээ. Монгол уран бичлэг, монгол бичгийн өв нь Монгол улсын бүх нутаг дэвсгэр, Өвөр монголын өөртөө засах орон, Хөх нуур, Шинжиан уйгур (Бүгд найрамдах Хятад ард улс), Буриад, Халимаг (Оросын холбооны улс) гэх мэт бүс нутгуудад хэрэглэгдэж ирсэн.

Монгол нутагт хад чулуу, гэрэлт хөшөөн дээр эртний тигээр сийлж үлдээсэн бичээс, гараар бичиж бийрээр урласан ном судар зэрэг уран бичлэгийн олон дурсгал өнөө үеийг хүртэл хадгалагдаж ирсэн байдаг. 

Монгол бичиг монгол угсаатны дунд хамгийн түгээмэл тархсан, уламжлалт бичиг үсэг бөгөөд 1000-аад жилийн түүхтэй, соёлын үнэт дурсгал, үндэсний билэг тэмдэг билээ. Анхны авианы бичиг өрнө зүгт дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болж, дорно зүгт Арамей, Сири, Согдоор дамжин Уйгур үсэг Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ.                                                                                    

Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг.

Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг.

Дэлхийд хосгүй “босоо” Монгол бичиг нь монголчуудын оюун сэтгэхүй, хэл соёлыг олон зууныг дамнан тээж ирсэн үндэсний соёлын хосгүй ололт төдийгүй, хүн төрөлхтний бичиг соёлын олон төрөл байдлын яруу тод баталгаа юм. 

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд