Холбоо барих


Сэргээгдэх эрчим хүч

Улс орны хэрэгцээ шаардлага, дэлхий дахины хөгжлийн хандлага биднээс сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглахыг шаардаж байна. Эрчим хүчний хангалт бидний нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаас бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд маш их хэмжээгээр нөлөөлж буй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэх нь бидний гол зорилтуудын нэг болоод байна. ЮНЕСКО үүссэн байгуулагдсан цагаасаа хойш байгаль орчинд хоргүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг судлах, салхи болон нарны эрчим хүчний хэрэглээг дэлгэрүүлэх тал дээр анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирсэн бөгөөд энэ сэдвийг хөндөн дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны байгууллагуудын нэг билээ. 1954 онд ЮНЕСКО  “Олон улсын гантай хуурай бүс” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотноо салхи болон нарны эрчим хүч сэдвээр симпозиум зохион байгуулж байсан нь ЮНЕСКО-гийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийж буй ажлуудын эхэн үе байсан юм. Мөн 1970-аад оны эхээр дэлхий даяар болсон газрын тосны хямрал нь газрын тосны эх үүсвэр хязгаартай гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан бөгөөд бидэнд эрчим хүчний өөр эх үүсвэрийг хайж судлан шинжлэх шаардлагатайг харуулсан билээ. Үүнээс үүдэлтэйгээр ЮНЕСКО 1973 онд анх удаа олон улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр уулзалтыг “Нарыг хүн төрөлхтний төлөө” (The sun in the service of mankind) уриан дор зохион байгуулсан юм. Энэхүү уулзалт нь дэлхийн улс орнуудыг сэргээгдэх эрчим хүч сэдэвт анхаарлаа хандуулахад том цохилт болж өгсөн юм.

            Өнөөдрийн ЮНЕСКО-гийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийж буй ажлууд нь ЮНЕСКО-гийн шинжлэх ухааны программууд болох Хүн ба Шим Мандал хөтөлбөр болон Олон улсын ус зүйн хөтөлбөртэй нягт уялдаа холбоотой юм. ЮНЕСКО “Сэргээгдэх  болон байгаль орчинд хоргүй эрчим хүч” хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа явуулж байдгийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх болон аймаг сумдын цахилгаан хангамжийг сайжруулахад ашиглахад чиглэгдэж байдаг юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан газруудад сэргээгдэх эрчим хүчийг ашиглан сургууль, цэцэрлэг болон оршин суугчдын амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлж болох боломжтой эсэхийг судлан туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Үүний нэг жишээ нь ЮНЕСКО-гийн тусламжтайгаар Монгол Улсын Их Сургууль нарны энергийг шууд цахилгаан энерги болгох судалгааны ажил хийсэн явдал юм. Мөн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 2006 онд “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бага, дунд сургуулийн орчинд нэвтрүүлэх туршилт” төслийг Монголын байгаль орчны консорциум хэрэгжүүлсэн ба тус төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ болон Аргалант сумдын дунд сургуульд  нийт 1500 Bт хүчин чадалтай нарны зайн цахилгаан үүсгүүрийн иж бүрдлийг суурилуулсны дээр “Сэргээгдэх эрчим хүч өдөр тутмын амьдралд” сэдэвт интерактив гарын авлагыг сурагч, багш нарт зориулан бэлдэж хуваарилсан. Энэ төсөл нь сэргээгдэх эрчим хүчийг хөдөө орон нутаг, алслагдсан газрын сургууль, цэцэрлэгт амжилттай нэвтрүүлэх боломжтойг харуулснаараа чухал ач холбогдлыг өгсөн бөгөөд энэ туршилт нь Монгол оронд нарны эрчим хүчийг ашиглах шинэ санааг улам бүр дэлгэрүүлэхэд том түлхэц болсон юм.

            ЮНЕСКО-гийн “Сэргээгдэх болон байгаль орчинд хоргүй эрчим хүч” хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг  хэсэг нь боловсон хүчин бэлтгэх явдал бөгөөд тус үйл ажиллагаа нь “Олон Улсын Эрчим Хүчний боловсрол сургалт” хөтөлбөрийн хүрээнд явагддаг. Энэхүү боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр нь инженер, судлаач шинжээч, техникч, төслийн менежер, шийдвэр бодлого гаргагч, эцсийн хэрэглэгчид, сэргээгдэх эрчим хүчний төрлүүд гэх мэт өргөн хүрээг хамардаг. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд