Холбоо барих


Хүн ба шим мандал хөтөлбөр - MAB

ЮНЕСКО-гийн 1968 онд хуралдсан “Шим мандлын нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай” бага хурлаас зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг бүртгэн ЮНЕСКО-гийн дэргэд Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээг буй болгох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч улмаар 1970 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 16 дугаар чуулганаар “Хүн ба Шим мандал” (МАВ) хөтөлбөрийг баталсан болно. Энэ хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд ашиглахад чиглэсэн олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм.             

            1995 онд Испанийн Севиль хотноо болсон хурлаас дэлхийн шим мандлын нөөц газрын талаар шинэ үзэл баримтлал боловсруулсан нь хожим нь “Севиллийн Стратеги” баримт бичигт тусгалаа олсон. Энэхүү үзэл баримтлал ёсоор аливаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх болсноор тусгай хамгаалалттай газар нутгийг хадгалан хамгаалах тухай ойлголтыг баяжуулсан юм. 1995-аас 2008 оны хооронд Севиллийн Стратегийг хэрэгжүүлсэн 13 жилийн хугацаанд дэлхийн шим мандлын дархан газрын хүрээг өргөтгөн үйл ажиллагаагаа гүнзгийрүүлсэн боловч түргэн хурдацтай явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас доройтож байгаа биологийн олон янз байдал, улам бүр алдагдаж байгаа байгалийн үзэсгэлэнт төрх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөн хотжилт зэрэг бэрхшээлтэй асуудлууд шинээр гарч ирснээс шалтгаалан “Хүн ба шим мандал” хөтөлбөрийг шинэчлэх, бий болсон бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авах шаардлагатай болсон юм. Энэхүү асуудлыг шийдэхэд чиглэсэн баримт бичиг бол Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөө (МҮАТ) юм. МҮАТ нь Севиллийн Стратегид суурилсан бөгөөд хүн ба шим мандлын дархан газрын сүлжээнд монгол улсаас бүртгэгдсэн газрууд болон шинээр бүртгэгдэх газруудын цаашдын үйл ажиллагаанд гарын авлага болсон төлөвлөгөө юм. МҮАТ-д Дэлхийн шим мандлын дархан газрын сүлжээний хүрээнд 2008-2013 онд хэрэгжүүлэх стратегийн арга хэмжээний зорилго, зорилтууд, уур амьсгалын  өөрчлөлтөнд дасан зохицох, шинжлэх ухааны болон удирдлага хамтын ажиллагааны чадамжийн үзүүлэлтүүд, бүсчлэл, түншлэл, үнэлгээ зэрэг асуудлууд тусгагдсан. МҮАТ-г Испаний Мадрид хотноо 2008 оны 2-р сард хуралдсан Дэлхийн шим мандлын дархан газрын III их хурлаар хэлэлцэн сайшааж, ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы 34-р хуралдаанаар баталсан юм. Уг МҮАТ-ний албан орчуулгыг 2008 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Монгол Улсын Хүн ба шим мандлын дархан газруудад хүргүүлсэн.

Хүн ба шим мандал хөтөлбөрийн удирдах дээд байгууллага нь Олон улсын зохицуулах Зөвлөл ба ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 34 орны төлөөллөөс бүрдэх бөгөөд 2 жилд нэг удаа ээлжит чуулганаа хийдэг. Олон улсын Зохицуулах Зөвлөлийн чуулганы завсраар тус хөтөлбөрийн ажлыг Хүн ба шим мандал хөтөлбөрийн Товчоо эрхлэн явуулдаг бөгөөд тус хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагааг Хүн ба шим мандал хөтөлбөрийн Үндэсний хороодоор дамжуулан ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад хүргэдэг.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 10 бүс нутгийн сүлжээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Евро-МАB, Латин орнуудын МАB-ийн сүлжээ, Номхон далайн орнуудын МАВ-ийн сүлжээ, Арабын орнуудын МАВ-ийн сүлжээ мөн түүнчлэн Зүүн Азийн орнуудын МАВ-ийн сүлжээ гэх мэт сүлжээнүүд тус тус ажиллаж байна. Зүүн Азийн орнуудын МАВ-ийн сүлжээг БНХАУ, Монгол, Япон, БНАСАУ болон БНСУ анх 1994 онд санаачлан байгуулсан.

Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо нь 2006 оноос Байгаль орчны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын даргын хамтарсан тушаалаар байгуулагдан ажиллаж байсан бөгөөд тус хорооны бүрэлдэхүүн ГХЯ-ны сайдын 2013 оны 6 сарын 28-ны 01 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож Говийн их дархан цаазат газар (1997 онд), Увс нуурын ай сав газар (1997 онд), Богд хан уул (1997 онд), Хустайн байгалийн цогцолборт газар (2002 онд), Дорнод Монголын тал газар (2005 онд), Монгол Дагуур (2007 онд) зэрэг нийт зургаан газрыг шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн бөгөөд 2010 оноос эхлэн нөөц газруудын менежментийг тусган гаргасан “Тэрэлжийн Тунхаглал”- ыг мөрдөн ажиллаж байна.

2014 оны эцсийн байдлаар дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд ширэнгэ ой, тундр, хээр тал, говь, намгархаг газар, далайн эрэг орчмын бүс нутгууд зэрэг эко системийн бүхий л онцлогийг хамарсан дэлхийн нийт 119 орны 631 тусгай хамгаалалттай газар бүртгэгдээд байгаа юм. Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэний үр дүнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-гоос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрүүдийг эрэлхийлэх ач холбогдолтой. Тухайлбал, ЮНЕСКО-гийн дэмжлэгээр Дэлхийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ болох Богд Хан уулын хамгаалалтын захиргааны чадавх, дэд бүтэц, удирдлага менежментийг сайжруулах төслийн хүрээнд тус хамгаалалтын захиргаанд дахин дамжуулах станц, суурин болон хөдөлгөөнт радио станц, нарны зайн систем, алсын холбооны гар станцуудыг суурин төхөөрөмжүүдийн хамт суурилуулсны зэрэгцээ хамгаалалтын захиргааны албан өрөөг шинээр тохижуулах, компьютер, хувилагч машин болон принтерээр хангасан бөгөөд энэ явдал нь ой хээрийн түймэртэй цаг алдалгүй тэмцэх, хулгайн ан болон байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж өглөө. Мөн “Говийн их дархан цаазат газрын ховор ургамлыг хамгаалах, нөөцийг сэргээн сайжруулах” төслийг ЮНЕСКО-гийн 2005-2006 оны Оролцох хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжүүлсэн нь ховор ба ховордсон ургамлыг тарималжуулах, доройтсон баянбүрдийг сэргээх, цаашид Говийн их дархан цаазат газрыг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх бэлтгэлийг хангахад тус дэм болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Хүн ба шим мандал хөтөлбөр хил дамнасан нөөц газрын сүлжээ байгуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд манай улсын хувьд Алтай Таван Богд Байгалийн цогцолборт газрыг ОХУ, БНХАУ, Казахстантай хамтран бүртгүүлэх, Дагуурын талыг ОХУ болон БНХАУ-тай хамтран хил дамнасан нөөц газрын сүлжээ болгон өргөтгөх боломжтой юм. Эдгээр нь Дэлхийн шим мандалын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн тохиолдолд МАВ-ийн түүхэнд гурван улсын хил дамнасан анхны нөөц газар болох бөгөөд ЮНЕСКО болон МАВ хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газрын анхаарлын төвд байгаа болно.

2010 оны 9 сард ОХУ болон Монгол улсын Хүн ба шим мандал хөтөлбөрийн Хороод хоорондоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичигт тусгасан зорилтуулдаа хэрэгжүүлэхэд анхааран, Төв Ази, Өмнөд Сибирийн шилжилтийн эко бүсийн шим мандал дахь экологийн байдлаар эрдэм шинжилгээний бага хурал хийж, Дагуурын хээрээс Алтай нуруу хүртэл бүс нутагт шим мандлын дархан газар байгуулах судалгаа шинжилгээ, хяналт, мониторингийн ажил зохион байгуулж байна.  Мөн 2010 оны 7 дугаар сард Дорнод аймгийн Чойбалсан хотод ОХУ, Монгол улс, БНХАУ-ын хил дамнасан шим мандлын дархан газрууд болох ОХУ-ын Даурын дархан цаазат газар, Дагуурын дархан цаазат газар, БНХАУ-ын Далай нуурын дархан цаазат газар газрын хамтарсан комиссын 5 дугаар хуралдааныг БОАЖЯ-ны санхүүжилтаар зохион байгуулсан.

Монгол Улс хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирлээ. Тухайлбал, 1994 онд байгуулагдсан Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг 1997 онд Богд Хан ууланд, 8 дугаар хурлыг 2003 онд Хустайн Байгалийн цогцолборт газарт зохион байгуулж, дэд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэргүүний туршлага, ололтыг харилцан нэвтрүүлэх зорилго бүхий сургалт-мэдээллийн дэд бүсийн сүлжээг Хустайн нурууны хамгаалалтын захиргааг түшиглэн байгуулахаар болсон. Мөн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хорооноос гаргасан “Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн билээ. Харин 10 дахь удаагийн хурлыг 2007 онд Горхи, Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт, 13 дахь удаагийн хурлыг 2013 онд Улаанбаатар хот, Хустайн Байгалийн цогцолборт газар болон Богд Хан ууланд амжилттай зохион байгуулсан нь манай улсын оролцоо, идэвх зүтгэлийг харуулж байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд