Холбоо барих


Дэлхийн өв

Соёл 2014/11-11 ・ 4222

Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2014 оны байдлаар тус Конвенцид 191 улс нэгдэн орсон бөгөөд 161 улсын нийт 1007 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгүүлсэн. Үүнээс нийт  779 нь соёл, 197 нь байгалийн, 31 нь хосолмол өв байна.

Монгол улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон. 1996 онд анх Дэлхий өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж Дэлхийн өвд хүргүүлсэн.

1999 онд Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх,  Урьдчилсан жагсаалтад оруулах, Дэлхийн өвд бүртгүүлсэн өвийн болон Конвенцийн тайлан илтгэлийг бичих, Конвенцийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэлхийн өвийн Үндэсний хороог соёлын болоод байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2004, 2006, 2010, 2013 онуудад тус тус уг хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн.

2013 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын хамтарсан А/24, A-83, A/81 дугаартай хамтарсан тушаалаар Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж даргаар нь Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг томилсон.

Урьдчилсан жагсаалт

Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн газар нутгийг Үндэсний Урьдчилсан жагсаалтад оруулах ёстой. Дэлхийн манай улс сүүлийн 18 жилийн хугацаанд Урьдчилсан жагсаалтаа дахин нягталж үзээгүй зарим байгалийн болон соёлын өвөө Дэлхийн өвийн жагсаалтад оруулах шаардлагын үүднээс Урьдчилсан жагсаалтад зарим нэг газруудыг нэмж оруулж байсан.

Харин 2014 онд Монгол Улс Үндэсний Урьдчилсан жагсаалтыг шинэчлэн боловсруулах үйл ажиллагааг хийж, 2015 оны Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монголын Дэлхийн өвийн Урьдчилсан жагсаалтыг албан ёсоор баталсан.

 

2017 оны байдлаар Монгол Улсын Урьдчилсан жагсаалтад нийт 12 газар байна:

Соёлын ангиллаар

  1. Хөдөө арал дахь археологийн дурсгал, түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар
  2. Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор
  3. Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар
  4. Тахилгат Биндэр уул түүний орчны түүх орчны түүх, соёлын дурсгалт газрууд
  5. Балдан Бэрээвэн хийд түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
  6. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор
  7. Монголын говь дахь хадны зургын цогцолбор
  8. Монголын тахилгат уулс

Холимог ангиллаар

     9. Монгол Алтайн өндөр уулс

Байгалийн ангиллаар​      

     10. Монголын говь дахь Цэрдийн галавын үлэг гүрвэлийн өлгийн нутаг

     11. Монголын Их говийн цөл нутаг

     12. Дорнод Монголын тал нутаг 

 

Монголын Дэлхийн өв

Манай улсын анхны Дэлхийн өв болох Увс нуурын ай сав газрыг 2003 онд болсон Дэлхийн өвийн Хорооны 27 дугаар ээлжит чуулганаар байгалийн өвийн ангиллаар ОХУ-тай хамтран Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгүүлсэн. Тус өв сая гаруй га газар нутгийг эзлэн оршдог. Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ихэд давсархаг нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг бүхий дэлхий дахины үнэ цэнэтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.

Харин Орхоны хөндийн Соёлын Дурсгалт газрыг (ОХСДГ) БНХАУ-ын Сужоу хотноо 2004 онд болсон Дэлхийн өвийн Хорооны 28 дугаар ээлжит чуулганаар Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх шийдвэр гарсан билээ. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн өлгий нутаг болсон ОХСДГ нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдын нутагт 121967 га газрыг эзлэн оршдог. ОХСДГ нь Төв Азийн нүүдэлчид, түүний дотор монгол үндэстний буй болгосон нүүдлийн соёл иргэншил, түүнийг хөгжүүлж ирсэн гол төвүүд болон улс гүрнүүдийн үүсэл хөгжлийг археологи, түүх, соёлын асар баян дурсгалаар нотлон харуулж байгаа гайхамшигт түүхэн нутаг юм. Орхоны хөндийд хуучин чулуу, хүрэл, төмрийн үеийн Мойлтын амын болон Орхон 7-ийн бууц зэрэг эртний хүмүүсийн оромж, суурин, дархны газрын ул мөр элбэг бий. Энэ дурсгалт газар нь Түргийн үеийн хаадын тахил шүтээний алдарт бунхант дурсгал, бичигт хөшөөнүүд, Уйгарын эзэнт гүрний нийслэл Хар Балгас хотын туурь, Чингис хааны үндэслэсэн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь Бурхан шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэ Зуу, Төвхөн хийд болон бусад олон дурсгалтай бөгөөд түүгээрээ ч Төв Ази, улмаар хүн төрөлхтний түүхийн тодорхой давтагдашгүй бодит гэрч болж байдаг юм.

2011 оны 6 дугаар сарын 29-нд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангиллаар Дэлхийн өвийн хорооны 35 дугаар ээлжит чуулганаар бүртгэсэн. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор 12000 жилийн тэртээгээс хүн төрөлхтний соёлын хөгжлийг харуулсан олон хадны зураг, булшны хөшөө байдаг гурван газраас (Цагаан салаа/Бага Ойгор, Цагаан голын эх, Арал толгой) бүрддэг. Хамгийн эртний сүг зургууд нь (11,000 - 6,000 МЭӨ) том ан гөрөөс агнадаг хөндий ба шигүүн ой модыг дүрсэлсэн байдаг. Хожмын үеийн зургууд нь мал маллаж амьдрах хэв маяг зонхилж эхэлж буйг харуулсан бол Хүннү (МЭӨ I зуун), Түргийн үеийн (МЭ VII, VIII зуун) зургуудад мориноос хамраалтай нүүдэлчин амьдралын хэв маягт шилжиж буйг дүрсэлжээ. Хадны сүг зургууд нь эрт дээр үеэс Төв болон Хойд Азид  оршин амьдарч байсан олон үндэстэн, ястныг судлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 203 дугаар зарлиг гаргаж Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д хандах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон билээ. Улмаар 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (Great Burkhan Khaldun Mountain and its surrounding sacred landscapes)-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангиллаар Дэлхийн өвийн хорооны 39  дугаар ээлжит чуулганаар бүртгэсэн. Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой бөгөөд Монголын нууц товчоонд дурдагдсан тул Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх 10 шалгуурын соёлын 4, 6 дугаар шалгуураар Дэлхийн өвийн конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангасан гэж Дэлхийн өвийн төвөөс үзсэн юм.

Хамгийн сүүлд буюу 2017 онд Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулганаар Монгол Улс ОХУ-тай хамтран Дагуурын ландшафт (Landscapes of Dauria)- ыг хил дамнасан Байгалийн өвөөр бүртгүүлсэн. Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, олон төрлийн шувууд тэдгээрийн дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэллэдэг цагаан зээр, мануул, тарвага зэрэг хөхтөн амьтан, ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэрт хамаарагддаг.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд