Холбоо барих


“Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөр

    

       1994 оноос ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж эхэлсэн MOST (Нийгмийн өөрчлөлтийн удирдлага) хөтөлбөр нь нийгмийн хөгжлийг судлах, нийгмийн ухааны эрдэмтэд, улс төрчдийн хоорондын харилцаа, холбоог бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан, мэргэжил, бүтцийн чадавхийг сайжруулах, судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах зорилготой. MOST хөтөлбөрийг Засгийн газар хоорондын Зөвлөл болон Эрдмийн Зөвлөлийн Хороо удирдан явуулж, “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Үндэсний хороод нягт хамтран ажилладаг.

            ЮНЕСКО ардчилал, хүний эрхийн төлөө, хүнийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэж ирсэн билээ. Энэхүү бодлогын хүрээнд “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрөөр дамжуулан ЮНЕСКО манай улсад хамтарсан, тайлагнасан, хариуцлагатай, ил тод, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хэлбэр бүхий  орон нутгийн захиргааг бэхжүүлэх зорилгоор «Хүний эрх, Ардчилал ба Хөгжил – багийн түвшинд» хэмээх төслийг 1996-1998 онуудад хэрэгжүүлсэн. Тус төслийг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр 2001 онд «Төв Азийн орнууд дахь ардчилал ба хүний эрх багийн түвшинд» семинар зохион байгуулав.  

            Хөдөө орон нутгаас хотод шилжин суурьшиж байгаа үйл явцыг судлах, тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлд ЮНЕСКО, Монгол Улс хамтран ажиллаж, « Төв суурин газар шилжин суурьшиж буй залуу эмэгтэйчүүдийн дунд ядуурлыг бууруулах нь » сэдэвт салбар хоорондын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэв. 2006- 2007 онд Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотноо шилжин суурьшигчдыг шинэ орчинд нь дасан зохицож амьдрах чадвар суулгах зорилгоор “Шилжин суурьшигч тантай хамт” төсөл амжилттай хэрэгжүүлж, түүнд хамрагдагчид нийгмийн үйлчилгээ хүртэж, ажлын байртай болж, ахуй амьдралаа шинэ нөхцөлд зохион байгуулах бүрэн боломжтой болов. Тухайлбал: Иргэний бүртгэл, мэдээлэл, газрын асуудал, мэргэжлийн сургалт дамжаа, ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг багц арга хэмжээнд хамрагдахын зэрэгцээ хамтран ажиллах сүлжээний зохион байгуулалтад орж, “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг явуулж, хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлж байна.

            “Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” хөтөлбөр боловсруулж, алслагдсан нутгийн хүн амын ядуурлыг бууруулах, олон нийтийг мэдээллээр хангах, албан бус боловсролоор дамжуулан мэдлэг, чадвар олгох, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, өрхийн амьжиргааны чадавх нэмэгдүүлэх чиглэлээр Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод аймгуудад гурван жилийн хугацаатай төсөл амжилттай хэрэгжүүлэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд