Холбоо барих


Олон улсын мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөр (IPDC

        

 Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт ЮНЕСКО-гийн үзэл санааг дэлгэрүүлж, IPDC (Мэдээлэл, Харилцаа Холбооны Хөгжил) хөтөлбөр болон бусад хөтөлбөрөөр дамжуулан үр дүнтэй хамтран ажиллаж байна. Мэдээлэл, Харилцаа, Холбооны хөгжлийн хөтөлбөр нь хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургальч, чөлөөтэй хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилготой Монгол Улс 2001 оноос IPDC-ийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

            Монгол Улсад улсын хэвлэлийн комбинатын сургалтын төвийн тоног төхөөрөмж, Шинжлэх Ухаан, Техникийн Мэдээллийн Төв, « Монгол хэвлэл » нэгтгэл, Радио телевизийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь Монгол Улсад мэдээлэл түгээх, мэдээллийн тэгш бус байдлыг багасгахад чухал ач холбогдолтой болсон юм.  Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО, Монголын харилцаа мэдээлэл, мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгоход чиглүүлэн Хэвлэлийн хүрээлэнд сургалтын төв байгуулж, улмаар  байнгын сургалт явуулах, орон нутагт (Өвөрхангай аймаг) олон нийт, иргэдэд зориулсан радио станц байгуулах, Үндэсний Радио, Телевиз олон нийтийн болж буйтай уялдуулан Радио телевизийн мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, ил тод засаглалд хэвлэл мэдээллийн оролцоог сайжруулах, фото сэтгүүл зүйн боловсролыг хөгжүүлэхэд туслах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэв.

            “Парламентын хуралдааныг үндэсний олон нийтийн телевизээр шууд нэвтрүүлэх арга зүй” дугуй ширээний уулзалт хийж, Монголын олон нийтийн телевизийн онцлог, үйл ажиллагааны байдал, төрийн ба бусад байгууллагаас хараат бус байх шаардлага, бусад орны туршлага, хамтын ажиллагааны хэв шинжийг оновчтой тодорхойлох нөхцлийг бүрдүүлэв.

            Манай улс 2003 онд шинээр байгуулагдсан Ази, Номхон далайн мэдээллийн сүлжээнд нэгдэн ород байна. Энэхүү сүлжээнд нэгдэн орсноор ЮНЕСКО-гийн бүх нийтийн мэдээлллийн хөтөлбөрт манай улсын оролцоо нэмэгдэх боломж бүрдэж байна. Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийг сургалтад өргөн ашиглах арга зүйг боловсруулах, хүний нөөц бий болгох, шинэ тогтолцоог бүрдүүлэх, Их дээд сургуулиуд түшиглэж байнгын сургалт явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, үйлчилгээний нэгж ажиллуулах талаар ахиц гарав. Нутгийн иргэдийн эзэмшил бүхий мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, үндэсний цөөнхид зориулсан мэдээллийн чанарыг сайжруулахад чиглэсэн төслүүд хэрэгжиж, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Баян - Өлгий аймаг зэрэг хамгийн алс хязгаар нутагт үр шимий нь хүртэж байна.

            Боловсролын салбарт мэдээлэл, харилцааны технологийг хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд МУБИС- д Мэдээлэл, харилцааны технологийн төв, Нийслэлийн Боловсролын газарт МХХТ- ийн ашиглалтыг сайжруулах лаборатори байгуулж, бүх нийтийн компьютерийн боловсролд зориулсан цуврал сургалт, теле нэвтрүүлэг явуулж, гарын авлага, CD DVD бэлтгэн гаргав.

МОНЦАМЭ

            ЮНЕСКО болон Засгийн газраас МОНЦАМЭ-гийн материаллаг баазыг бэхжүүлэхэд байнга анхаарч, Ердийн болоод Оролцох хөтөлбөрийн хүрээнд төсөл батлан өгч хэрэгжүүлж ирлээ. Энэхүү агентлагт ЮНЕСКО тоног төхөөрөмж нийлүүлж, тус агентлагийн гэрэл зураг, хэвлэл, мэдээлэл, удирдлагын тоног төхөөрөмжийг сайжруулах нэлээд хэдэн төсөл хэрэгжүүлсэн байна.

Монголын Радиогийн «Хурд» агентлаг

            ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 2000-2002 онд Монголын Радиогийн мэдээллийн «Хурд» агентлагийг орчин үеийн мэдээллийн техник хэрэгслээр хангах төсөл хэрэгжүүлснээр тус агентлагийг иж бүрэн компьютержүүлж, ард түмнийг цаг тутам шинэ, шуурхай мэдээгээр орон даяар хангах боломжийг бүрдүүлж өгсөн билээ.

Ном хэвлэл

            ЮНЕСКО-гийн Хэвлэлийн газар бие даан, эсвэл их, дээд сургууль болон бусад газартай хамтран жилд 120 гаруй бүтээл хэвлэн нийтэлдэг. Ихэнх бүтээлүүд англи, франц хэл дээр, цөөнх нь ЮНЕСКО-гийн албан ёсны бусад араб, испани, орос, хятад хэл дээр нийтлэгддэг. Тус Хэвлэлийн газар бүтээлүүдээ олон нийтэд таниулах 100 гаруй  улс орныг хамарсан өөрийн сүлжээтэй.  Энэхүү сүлжээнд  Улсын төв номын сан ордог тул ЮНЕСКО-гоос хэвлэн гаргасан 3000 гаруй бүтээл, CD, DVD-тэй тус номын санд танилцаж болно.

            Монголын ном хэвлэлийн салбарыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй хамтран улсын хэмжээний номын хүртээмж, эрэлт хэрэгцээ болон хэвлэн нийтлэх, хэвлэх, хуваарилах, түүнчлэн номын сангийн нөөц, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдалд нарийвчалсан дүн шинжилгээ хийх зорилгоор судалгааны ажил хийсний дүнд ном, ялангуяа сурах бичгийн хангамжийг сайжруулахад дорвитой алхам хийгээд байна.
Хэлний олон төрөл зүйл бүхий кибер орон зайг бүрдүүлэх ЮНЕСКО- гийн бодлогын хүрээнд Худам монгол бичгийн бичвэрийг цахим хэлбэрт оруулан боловсруулахад МУИС- ийн мэргэжлийн нөөц чадавхийг ашиглан төсөл хэрэгжүүлж, хуучны ном, судар, архивын материалыг электрон хэлбэрт оруулан хадгалах, сэргээн засварлах өргөн боломжийг нээж өглөө.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

            ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөг тууштай хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж буй тохиолдлууд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнуудыг барьж хорих, хөнөөх зэргийг илчлэн олон нийтэд мэдээлдэг. Хэвлэн нийтлэх болон санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг  хамгаалж буй байгууллага, хувь хүнд ЮНЕСКО-гоос эрхлэн жил бүр Гилермо Каногийн  (Guillermo Cano) 25000 ам.долларын сантай шагналыг олгодог.

            Хэвлэлийн эрх чөлөөний олон улсын өдрийг (5 дугаар сарын 3) тохиолдуулан ЮНЕСКО-гийн  Монголын Үндэсний Комисс сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт болон бусад арга хэмжээ зохиодог уламжлал тогтоод байна.
ЮНЕСКО- гийн мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Фото сэтгүүл зүйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж, аливаа үйл явдлын талаарх мэдээ сурвалжлагыг олон нийтэд чанартай гэрэл зургаар хүргэх, фото сэтгүүлчдийг чадваржуулах, орчин үеийн шаардлага хангасан Лаборатори байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулахад ахиц гарлаа. “Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайн засаглалын үйлчлэлд” төсөл хэрэгжүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг шинээр хөгжүүлэх, сэтгүүлчийн ёс зүйг сахих, мэдээ баримт цуглуулж дүн шинжилгээ хийхэд нь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Эх орноо таниулах талаар

            ЮНЕСКО-д элсэж орсон эхний өдрөөс түүний хэвлэл, мэдээллийн өргөн шугамыг ашиглан Монгол Улсын бодлого, Монгол Улсын түүх соёл, нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааны талаар гадаад ертөнцөд  таниулахад анхаарал тавьж ажиллаж ирсэн билээ.

            Энэ талаар олсон анхны бодитой үр дүн нь 1969 онд ЮНЕСКО-гийн  сар тутмын тогтмол хэвлэл « Курьер » (Courrier) Монгол Улсад бүтэн дугаараа зориулсан явдал мөн. Үүнээс хойш улс эх орныхоо боловсрол, соёл, шинжлэх ухаанд гарч буй үйл, явдал ололт амжилтын талаар олон өгүүлэл, нийтлэлийг ЮНЕСКО-гийн  хэвлэл мэдээлэлд өгч нийтлүүлсээр байна. Оролцох хөтөлбөрийн хүрээнд «Үндэсний спорт», «Монголын түүх», «Монголын соёлын бодлого» зэрэг товхимол,  «Занабазар», «Уран барилга» альбомыг англи болон франц хэлээр хэлээр хэвлэжээ. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд